БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ ТЭГШ ХҮРТЭЭЖ, НИЙТ ИРГЭДЭЭ ӨРИЙН ДАРАМТААС ГАРГАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

Өнөөдөр УИХ дахь АН-ын зөвлөл ээлжит хуралдаанаараа цаг үеийн анхаарал татсан сэдэв Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлын талаар хэлэлцэн, байр сууриа илэрхийллээ.

Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Төрийн нийтийн зориулалттай өмчийг иргэн ААН-д ашиглуулах тухай хуулийн төслийг өргөн барина

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх тухай зөвлөмжийг гаргасан. “Иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх бодлого”-ын хүрээнд гаргаж байгаа энэ асуудал нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн санаачилга гэж Ардчилсан нам үзэж байна. Учир нь 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Ардчилсан нам МУ-ын Ерөнхийлөгчид Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай ийм захидал илгээж байсан. Энэ асуудлын хүрээнд Төрийн тэргүүний гаргасан улс төрийн санаачлагыг ҮАБЗ хүлээж авчээ хэмээн ойлгож байгаа. Ер нь бол МУ-ын иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах асуудал нь бидний хувьд хамгийн ихээр тулгамдаад байна. Тиймээс Ардчилсан нам иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх тухай бодлогыг хэрэгжүүлэх ажлыг санаачлан дөрөв дэхь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн санаачлагыг бид бүрэн дэмжиж ажиллах нь зүйтэй.

Мэдээж нийгэмд зөв буруугаар талцах янз бүрийн асуудлууд өдөөгдөж байгаа ч бидний туйлын зорилго ямар ч ялгаваргүйгээр тэгш, шударгаар иргэдээ өрийн дарамтаас чөлөөлөх юм.  Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ авч хэлэлцэх байх. Засгийн газар ч мөн “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх тухай асуудлаар хуралдсан. Үүнтэй холбогдуулан бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу МАН-ын бүлэг болон Засгийн газарт шаардлага хүргүүлэх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь “Тэтгэврийн зээл”-ийг нэг удаа тэглэх эх үүсвэрийг Байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар санхүүжүүлэх асуудлыг хэлэлцэж, МУ-ын Үндсэн хуульд заасан тэгш эрх, шударга ёсны зарчмыг хэлбэртэлгүй дагаж мөрдөх шаардлагатай. Хэд хэдэн гарч болшгүй сөрөг үр нөлөөллөөс бид хамгаалах ёстой. Үүнийг сонгуультай холбон шоу болгон эдийн засгаа битгий баллаасай гэж хүсэж байна. Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох захиасанд байсан нэг онцлох зүйл заалт бол “Тэтгэвэр, цалин, оюутны сургалтын төлбөр болон малчны зээлтэй нийт иргэдийнхээ одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг байгалийг баялгаас иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд эзэмшүүлэх хувьцааны ноогдол ашгаар төлүүлэх” гэж орсон. Тиймээс зөвхөн Салхитын мөнгөний ордны асуудал яригдаж болохгүй. Бид эрх зүйн орчноо шинэчилж нэг стратегийн ордыг шинэ Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг баримталж төрийн нийтийн өмчийн компани байгуулах тухай асуудлыг нэг мөсөн ярих ёстой гэж онцгойлон анхаарч байгаа.

Өнөөдрийн гаргаж байгаа ҮАБ-ын зөвлөмжийн шийдвэр бол энэ ажлын хэрэгжүүлэх эхний алхам болж байна. Өртэй иргэдийнхээ асуудлыг орлоготой амьдралтай, цаашид өрийн дарамтгүй байлгахын тулд Стратегийн ордуудынхаа энэ компанийг байгуулах эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг хазайлгаж огт болохгүй. Үүн дотроо төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаа ягштал мөрдөх ёстой. Хүний эрх эрх чөлөөний зарчмыг баримтлах, хөрөнгө чинээгээр үл ялгаварлан, иргэдийн эрх ашгийг хохироохгүйгээр үндэсний эв нэгдлийг хангаж ажиллах нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан эрх зүйн орчныг шинэчлэх хуулийн төслийг Засгийн газар яаралтай УИХ-д өргөн барих шаардлагатай. Хэрэв уул уурхайн ордын үр өгөөж буюу орлогыг цаашид иргэдийн өрийг тэглэхэд ашиглах асуудал нь Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвтэй зайлшгүй уялдах учир Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлага үүснэ гэдгийг сануулах нь зүйтэй. Ер нь үүнийг өргөн хүрээгээр олж харах нь чухал. Зөвхөн ахмадуудын тухай асуудал биш. Нийт иргэдийнхээ өрийг стратегийн ордын үр өгөөжөөс цаашид өргүй болгох асуудал дээр Ардчилсан нам илүү санаачлагатай ажиллана. Энэ төсөл, судалгаа санаачлага манай зөвлөлүүд дээр гарсан байгаа.

Үүнийг хууль болгон санаачлан ажиллах болно. Мөн З.Нарантуяа нарын гишүүдийн өргөн барих гэж байгаа “Төрийн нийтийн зориулалттай өмчийг иргэн аж ахуй нэгжид эзэмшүүлэх, ашиглуулах тухай хууль”-ийг маш яаралтай УИХ-аар оруулж батлуулахаар ажиллаж байна. Дараагийн асуудал бол Ирээдүйн өв сангийн хуулийг шинэ Үндсэн хуультай нийцүүлэн Үндэсний баялгийн сангийн хуулиа шинэчлэн өргөн барих нь Засгийн газрын үүрэг болон үлдэж байна. Үүнийг ч бас яарах хэрэгтэй. Ер нь цаашдаа гарах эдийн засгийн үр дагавруудыг бид маш зөв тооцох хэрэгтэй. Уул уурхайн баялгийг ард иргэдэд нийтэд нь тэгш, шударгаар хүртээх асуудал дээр ул суурьтай хандах байх гэж бид найдаж байгаа. Тиймээс энэ асуудлыг сууриар нь зөв зүйтэй шийдэх ёстой гэсэн Ардчилсан намын байр суурийг албан ёсоор мэдэгдэж байна. Нэг удаагийн сонгуулийн шоу болгож эдийн засгаа нураахгүй байх, инфляцийн өсөлт, зээл аваагүй иргэдийн тэгш хүртээмж, татвар нэмэгдэхгүй байх баталгаа, Засгийн газрын өр нэмэгдэхгүй байх ёстой зэрэг асуудлууд дээр бид онцгой анхаарах ёстой. Тиймээс өнөөдрийн эхлэл бол тэтгэврийн зээлтэй ахмадуудаа өрийн дарамтаас гаргах юм. Бид үүнийг дэмжинэ. Энэ нь цаашлаад зөвхөн ахмадууд биш, нийт өртэй иргэдэд энэ их баялгийнхаа нөөц боломжийг ашиглаж цаашид өргүй байлгах дээр маш зөв менежментийг хийх ёстой” гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Иргэдийг зээлтэй, зээлгүй гэж ялгахгүйгээр иргэн бүр ногдол ашиг авдаг байхаар хуульчлах хэрэгтэй

Өнөөдрийн яригдаж буй энэ асуудалд мэргэжлийн үүднээс хандах хэрэгтэй. Байгалийн баялгийн үр өгөөжийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хэрхэн хүргэх вэ гэдгийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр судалгаан дээр үндэслэн гаргаж байсан. Газар доорх баялгаа 1997 оны Ашигт малтмалын хууль гарснаас хойш ямар байдлаар иргэн аж ахуйн нэгжүүдэд ашиглуулж байсан бэ гэвэл зөвхөн Ашигт малтмал, хайгуулын лицензийн хүрээнд ашиглуулж ирсэн байдаг. Стратегийн ордууд гэж тооцогддог УИХ-аас тогтоол нь гарсан 16 орд байгаа дээр нэмж стратегийн орд гэж тооцогдох, тогтоолын төсөлд тусгагдсан олон ордуудын асуудал яригдана. Бид хэнд ямар зарчмаар баялгаа ашиглуулж байгаагаа мэдэхгүй өнөөдрийг хүртэл явсан. Тиймээс хамгийн эхлээд иргэдийн тэгш бус байдал, нийгмийн ялгаа, орлогын тэнцвэргүй хуваарилалтыг арилгая гэвэл энэ баялгийнхаа хуваарилалтаас бүх зүйлийг эхлэх ёстой. Иймээс Ардчилсан нам анх МУ-ын Ерөнхийлөгчид анх сонгогдоход нь албан даалгавар өгч байсныг та бүхэн мэдэж байгаа байх.

Үүний гол санаа нь бол газрын баялгийг иргэдэд тэгш хүртээх, өгөөжтэй хуваарилах зарчмыг бий болгоход оршино. Энэ заалт Үндсэн хуульд орсон байгаа. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тухайлсан нэг орд эсвэл тухайлсан нэг нийгмийн нэг бүлэгрүү асуудлыг онцгойлж эхний ээлжинд хандахаас илүү үндсэн зарчимд анхаарч, Засгийн газар эндээс үйл ажиллагаа эхлэх ёстой. Стратегийн ордоо хэрхэн яаж ашиглах зарчмаа тодорхойлохын тулд нэн тэргүүнд Төрийн нийтийн зориулалтаар ашиглах, эзэмших энэ баялгийг иргэн ААН-д ашиглуулах эзэмшүүлэх бол ямар зарчим баримтлах вэ гэсэн хуулиа батлах ёстой. Дан ганц Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах нь үүсээд байгаа нөхцөл байдлыг төгс шийдэх гарц биш. Энэ бол тухайлсан нэг хэсэг нийгмийн бүлгээ ялгаварлан авч үзэж байгаа шийдэл болно. Тиймээс нийт иргэд аливаа нэгэн зээлийн дарамтгүй болгох тогтвортой эх үүсвэртэй болоё гэвэл зөвхөн Салхитын мөнгөний орд биш, Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа, бусад групп компаниудын иргэдэд эзэмшүүлж болох хувийг УИХ-ын тогтоолоор батлан иргэдэд эзэмшүүлэх хэрэгтэй. Орд бүр тодорхой нөөцтэй. Үүнийг суурь хуулиар батлан УИХ-ын тогтоол гаргаж, хувьцаандаа жил бүр ноогдол ашгаа авдаг байхаар тодорхойлж өгөх хэрэгтэй. Ингэхээр зээлтэй зээлгүй гэж ялгахгүйгээр Монгол улсын бүх иргэн хувьцааны ноогдол ашгаас жил бүр тогтвортой орлоготой болно.

Энэ бол бодит гарц. Дараагийн асуудал бол ирээдүйн өв сангийн тухай хууль. Энэ хэрэгжиж байгаа өнөөдрийн хууль маань нийгмийн шаардлагаа хангаж чадахгүй байна. Иймээс Баялгийн сангийн тухай хуулийн төслөө Засгийн газар өргөн барих хэрэгтэй. Ирээдүйн өв сангийн хууль энэ жилээс баланс нь нэмэх болж, орлого хуримтлагдаж байгаа. Өмнө нь дандаа хасах байсан. Тэгэхээр энэ сан одоо төсвийн дутууг нөхдөг сан байх ёсгүй. Нийт иргэдэд хүртээмжтэй улсын эдийн засагт өгөөжтэй ашиглагддаг сан байх ёстой. Ингээд энэ хоёр хууль батлагдаж байж шийдэл нь зөв оновчтой байж, Үндсэн хуульд заасан тэгш хүртээмжтэй өгөөжтэй байх зарчмыг хангах юм. Тиймээс энэ чиглэлээр Засгийн газар илүү ажиллах хэрэгтэй.

Latest articles

С.Баярцогт: “МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ”

2020 оны долоодугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч  С.Баярцогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр "Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ, Монгол төрийн...

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.   Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх...

ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн...

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд...
44.1k Followers
Follow

Related articles

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here