Х.Нямбаатар хотын удирдлагын багийг өөрчилнө

Х.Нямбаатар хотын удирдлагын багийг өөрчилнө

Ногоон автобуснаас үүдсэн албан тушаалын халаа сэлгээ шувтрах шатандаа орж байна.

Өчигдөр Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэрэг, Түгжрэлийн сайд нараа УИХ-д танилцуулж, томилов. Одоо Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилчихвол энэ удаагийн халаа, сэлгээ дуусна. Лхагва гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Х.Нямбаатарыг хотын даргаар томилохыг дэмжсэн бол орой нь НИТХ-ын МАН-ын бүлэг хуралдаж удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжсэн. Гэхдээ энэ бол зөвхөн улс төрийн шийдвэр.

Нийслэлийн Засаг даргыг томилох хуультай. Одоо хуулийн дагуу томилох процесс үргэлжилнэ. Х.Нямбаатар СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн учраас түүнийг гишүүнээс чөлөөлөх асуудлыг байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ.  Ингээд НИТХ ирэх долоо хоногийн пүрэв гаригт хуралдаж хотын даргын асуудлыг хэлэлцэхээр товложээ. НИТХ-аас гаргасан саналаа Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд захирамж гаргаж хотын даргыг томилно.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд:

58 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох

58.2. Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.

58.5.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно.

58.5.2. санал болгосон хүний талаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.

58.5.3. Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.

58.6. энэ зүйлийн 58.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд тус тус томилно.

Д.Сумъяабазар ажлаа өгөхдөө нийслэлийн намын хороогоо өгөхгүй, мөн хотын даргаар Х.Нямбаатарыг томилуулах тохироо хийсэн гэх яриа улс төрийн хүрээнд өрнөж байна. Энэ ч үнэнийн ортой. Х.Нямбаатар нэг талдаа Ерөнхий сайдын үеэл, итгэлт хүн нь ч нөгөө талдаа Д.Сумъяабазартай нэг баг. Тэд СХД-ийн фракц. Тиймээс Д.Сумъяабазар явсан ч нийслэлийн удирдлагын багийг өөрчлөхгүй байх боломжтой байсан. Гэхдээ Ерөнхий сайд Х.Нямбаатарыг нийслэлийн бүх орлогч болон зөвлөх, дарга нарыг чөлөөлж шинээр томилох үүрэг өгсөн гэсэн мэдээлэл бий. Үүнийг ч хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар нотолж буй.

Нийслэлийн удирдлагын багийг өөрчлөх үү гэдэг асуултад хотын даргад нэр дэвшигч Х.Нямбаатар “Нийслэлийн өнөөдрийн бүтэц дээр ажлын байрны зураг авалт хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Үүний үр дүнгээр нийслэлийн бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай бол өөрчлөлт хийнэ” гэсэн юм. Ямартаа ч Х.Нямбаатар ажлаа авсны дараа нийслэлд ч мөн халаа, сэлгээ үргэлжлэх бололтой.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна