"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

БНСУ-ын ЗГ-аас Япон улсын иргэдийн визгүй зорчих эрхийг түдгэлзүүлэв

0

Япон улс, БНСУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 9-өөс эхлэн тус улсын иргэдийг визгүй нэвтрүүлэх журамаа түр зогсоож, тус улсаас ирсэн иргэдийг хоёр долоо хоног тусгаарлах, нислэгийн тоог бууруулах зэрэг зарим хязгаарлалтын арга хэмжээ авч эхлэхээр болсон билээ.

Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Засгийн газар, Гадаад харилцааны яам харамсал илэрхийлж байсан юм. Гэвч тэд ганцхан өдрийн дотор хариу арга хэмжээ авлаа.

Энэ тухай Дун А Илбу сонинд өнөөдөр гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.

БНСУ-ын Засгийн Газар 9-ний өдөр 00 цагаас Япон улсын иргэдийн визгүй зорчих нөхцлийг түдгэлзүүлж, өмнө нь авсан байсан визний хүчин төгөлдөр байдлыг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Мөн Япон улсад аялах аялалыг анхааруулах 2-р зэрэглэл болох “хязгаарлах түвшин” руу ахиулав. Коронавирусын халдварын тархалттай холбоотойгоор Япон улсын Засгийн газар, БНСУ-ын иргэдийг бодит байдал дээр “нэвтрүүлэхийг хориглох” арга хэмжээ авснаас нэг өдрийн дотор авсан хариу арга хэмжээ нь энэ юм.

Гадаад харилцааны яамны Нэгдүгээр дэд сайд Жу Сэ Ён, 6-ны өдөр хийсэн хэвлэлийн хуралд энэхүү хариу арга хэмжээний талаар мэдээлэв. Жу дэд сайд “Бид Япон улсын иргэдэд виз олгохдоо тэдний эрүүл мэндийн байдлыг шалгах ба нөхцөл байдлаас шалтгаалж эрүүл мэндийн шинжилгээний сертификатыг мөн нэмж авах болно” гээд “9-ний өдрийн 00 цагаас эхлэн Япон улсаас хил нэвтэрч байгаа бүх гадаад иргэдийн хувьд “Нэвтрэн орох тусгай арга хэмжээ”-нд хамруулна” гэж хэлэв. Япон улсаас ирж буй бүх гадаад иргэдийн хувьд тусад нь халдваргүйжүүлэлт ариутгалын арга хэмжээнд хамруулж, халуун хэмжих үзлэгийг чангатгана гэсэн үг юм.

Мөн Япон улс БНСУ-аас ирэх нисэх онгоцуудыг Нарита, Кансай гэх мэт буудалд буулгах хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан Японы нисэх онгоцнуудыг Инчон, Кимпо, Кимхэ, Жэжүгийн нисэх буудлуудаас сонголт хийж буулгах арга хэмжээг удахгүй авахаа мэдэгдлээ. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нь Сайд нарын хурлаараа БНСУ-ын иргэдэд өмнө олгогдсон визний хүчин төгөлдөр байдлыг түдгэлзүүлэх, богино хугацааны виз олгохыг зогсоох, тус улсаас нэвтрэн ирсэн иргэдийг хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлах зэрэг арга хэмжээ авах тухайгаа зарласан байсан юм.

Жу Дэд сайд энэ тухай “Ил тод биш, халдварт өвчнөөс сэргийлэх ажлаа идэвхгүй байдалд оруулж, хаягдуулсан Япон улс нь манай иргэдийн нэвтрэх нийтлэг эрхэд хязгаарлалт хийж, чангаруулсан арга хэмжээ авсныг ойлгоход хүнд байна” гээд “Бид Японоос нэвтрэн ирсэн халдварт өвчнийг бүрэн төгс хяналтдаа авахын төлөө байна” гэж мэдэгдэв. Мөн энэ өдөр Хөх ордонд Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хороо хуралдаж Япон улсын энэхүү арга хэмжээнд “харамсаж” байгаагаа илэрхийлж өмнө харилцан тохиролцсон арга хэмжээнүүдэд шаардлагатай сөрөг арга хэмжээг авах болно хэмээлээ.

Гадаад хэргийн сайд Кан Кён Хва, Япон улсын Элчид сайд Томита Кожиг Гадаад хэргийн яаманд дуудаж уулзан “Харамсаж байгаагаа тэвчиж чадахгүй нь” гээд Японы талын арга хэмжээ нь нөхөрсөг бишээр зогсохгүй шинжлэх ухаанч биш гээд авсан арга хэмжээгээ буцаахыг шаардав.

Хятад улсаас ялгаатайгаар, Япон улсын энэхүү хатуу арга хэмжээнд хийж буй сөрөг арга хэмжээтэй холбогдуулж Гадаад харилцааны яамны ажилтан тайлбар хийхдээ Хятадын Хубэй мужаас ирэгсдийг хил нэвтрүүлэхийг хориглох зэргээр “Бид Хятад улсын хувьд олон арга хэмжээ авсан, гэхдээ Япон улсын хувьд ямар нэгэн арга хэмжээ аваагүй байсан” гэв.

Ц.Өнөрзаяа
Күүкминий Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

 

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x