"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

“Гогенийг болиулах цаг нь болсон уу?”

0

 Уран бүтээлч, “Урлагийн хүн” байна гэдэг нь бусдаас өөр байж, ёс суртахууны хэмжээ хязгааргүй авирлаж, аашлахын нэр биш.

Пүрэвийн Мягмарцэрэн (Жина)

Ялангуяа өнөөдөрийн өндөрлөгт бид аливааг харах өнцөгтөө шүүмжлэлт сэтгэлгээ, шүүмжлэлт оюун санааг бий болгох шаардлагатай. Урлагийн талаарх яриа шүүмжлэлт сэтгэлгээгүйгээр үхмэл, оюун санааны зогсонги байдалд орно. Шүүмжлэх гэдэг нь шүүж бурууг нь тунгаах гэхээсээ илүүтэйгээр хэвшмэл ойлголтонд асуулт тавьж бидний зөв, гайхалтай, үлгэр жишээ, аугаа, гоё сайхан гэж өдөр тутам хэвийн мэт хүлээж авдаг зүйлүүд үнэхээр “хэвийн” зүйлүүд мөн үү гэдэгийг асуулт тавьж эргэцүүлэлт оюун санаагаар тунгаахын нэр билээ.

Дэлхийн урлагийн ертөнц бол барж идэхгүй том тогоо. Гэхдээ тэр тогоон дотор түчээ нь болж урлагийн ертөнцийн өнгө аяс, систем, чиг шугамыг тодорхойлж байдаг хэд хэдэн улсууд бий. Мэдээж бидний мэддэг Америк, Герман, Англи, Франц гэх мэт барууны хөгжсөн улсууд түчээлдэг. Сүүлийн 10–20 жил Хятад, Япон, Солонгос Ази тивээс нилээд нөлөөтэй оролцох болсоныг дурдах нь зүйтэй. Гэвч барууны улсууд яагаад түчээлээд байна вэ? Мэдээж улс төр, эдийн засгийн хувьд хүчирхэг учир гэж хариулах ч нөгөө талаас эдгээр улсууд нь нийгэм, соёлын оюун санааны хөгжлийн хувьд илүү хүмүүнлэг, пост-модерн нийгэм, соёлын шинж чанартай байгаад их учир оршино.
Эдгээр орнуудын томоохон мэдээний сайтуудын урлагийн түүх, судалгаагаар мэргэшсэн нийтлэлч, судлаач нарын урлагийн талаарх нийтлэлүүд нь Дэлхийн урлагийн ертөнцийн гол тоглоом, дүрэм, ёс суртахуун, идеалогийг тодорхойлж байдаг нь бодит байдал. Тэгвэл 2019 оны 11 сарын 18-нд АНУ-ын The New York Times мэдээний сайтанд нэгэн онцлог нийтлэл орсон байна: “Гогенийг болиулах цаг нь болсон уу?” https://www.nytimes.com/…/gauguin-national-gallery-london.h….

“Contes Barbares” (1902). The French title translates as “Barbarian Tales.”Credit…Museum Folkwang

Урлагийн мэргэжилтэнүүд хийгээд сонирхогчдын дунд Паул Гогенийг мэддэггүй хүн үгүй биз. Францын алдарт пост-импрессионист уран бүтээлч. Дараа дараагийн олон үеийн уран бүтээлчдийн урам зориг, чиг шугам нь болж чадсан нэгэн. Урлагийн түүхэнд түүний нэр ялтачгүй чухал байр эзэлдэг. Уран бүтээлийн ур чадвар, илэрхийлэл, арга ажиллагааны хувьд гайхалтай бүтээлүүдтэй нэгэн. Тиймдээ ч түүний хөрөг бүтээлийн ажилуудаар Английн Үндэсний Галерей нь The Credit Suisse Exhibition: Gauguin Portraits гэх үзэсгэлэнг 2019 оны 10-р сарын 7-ноос 2020 оны 1-р сарын 26 ны хооронд олны хүртээл болгон дэлгэж байгаа. Уг үзэсгэлэн нь мөн энэ оны 5-р сард Канадын Үндэсний Галерейд 9-р сар хүртэл дэлгэгдээд 10-р сараас Ангилд нээлтээ хийсэн аж. Гэвч Канадад дэлгэгдэхэд нь үзэсгэлэнгийн кураторууд Гогений өмнө гарч байсан үзэсгэлэнгээс ондоошуулан, өөр өнцөгөөс харсан тайлбарлалуудыг бүтээлүүдэд нь дагуулан тавьсан байна. Тухайлбал Гогений “Head of a Savage mask”- “ Бүдүүлэгүүдийн толгойн маск” гэх бүтээлийн нэрний хажууд “Savage болон Barbarian” гэх үгнүүд нь өнөөдөр хэрэглэхэд маш тохиромжгүй доромжилсон утгатай үгнүүд бөгөөд Гогений цаг үеийн хандлагийг тусгаж байна” / The title “Head of a Savage, Mask” was shown with an extended label explaining that the words ‘savage’ and ‘barbarian,’ “considered offensive today, reflect attitudes common to Gauguin’s time and place/ гэсэн тайлбар дагуулсан аж. Мөн “relationship with a young Tahitian woman” — “Залуу Тахитан бүсгүйтэй үүсгэсэн харилцаа” гэх бүтээлийн нэрийг “Түүний 13-с 14 насны Тахитан охинтой үүсгэсэн харилцаа” / his “relationship with a young Tahitian woman” was changed to “his relationship with a 13- or 14-year-old Tahitian girl.”/ гэж өөрчлөн тависан юм.

Үзэсгэлэнг үзсэн хүмүүсээс маш олон сэтгэгдэл ирсэн бөгөөд орчин үед Музейнүүд өнгөрсөнд болон өнөөдөр амьдарч байгаа уран бүтээлчдийн талаар энэ маягийн анзаарагдаагүй өнцөгүүдийг хөндсөн, асуудал, асуултуудыг илчилсэн үзэсгэлэнгүүдийг гаргаж байхыг хүссэн байв.
Учир нь Гогений бүтээлүүдээр гарсан уг үзэсгэлэн нь түүний талаарх нүцгэн үнэнүүдийг илчилсэн юм. — Паул Гоген бол эхнэр хүүхдээ орхин уран бүтээлд амьдралаа зориулж, удалгүй Полинезийн Тахити аралруу очиж нутгийн уугуул иргэдийн дунд орон амьдарч “Exotic” амьдралыг танин мэдэнгээ нас биеэнд хүрээгүй өсвөр насны Тахити охидуудыг жирэмслүүлэн, бэлгийн “чөлөөт” харилцаанд амьдран сууж, тэднийг бүтээлийнхээ модел болгон зурж, зурсан бүтээлүүдээ Францруу явуулж үзэсгэлэнд оролцуулдаг байж.
Энэхүү Канадад гарсан үзэсгэлэн Гогений талаарх шуугиант яриаг үүсгэсэн бөгөөд урлаг судлаачид, кураторууд, түүхчид, шүүмжлэгч нар янз бүрээр өөрсдийн санааг дэвшүүлсээр байгаа бөгөөд Гогений бүтээлүүдийн байр суурийг урлагийн түүхээс буулгах талаар яриа ч олон нийтийн дунд гарсан юм. Гэвч мэргэжилтэнүүд үзэхдээ — бид уран бүтээлчдийн өнгөрсөнд ямар замналаар амьдарсан талаар бүгдийг нь шүүж эхлэвэл гайхамшигтай урлагийн бүтээлүүдийг үгүй хийх аюулд хүрнэ. Мөн “Уран бүтээлч бүтээлээ бүтээсэн, тэрхүү бүтээл нь тэдний өмч биш болсон, одоо амьдран байгаа бидэнд үлдсэн өмч хөрөнгө” гэж Tate Модер нь галерейн захирал хэлсэн байна. Түүнчлэн Данийн куратор Line Clausen Pedersen хэлэхдээ: Гогений талаарх олонд дэлгэгдээгүй үнэнүүдийг нэг нэгээр нь илчлэх цаг нь болсон гэсэн байна. Тэрээр Гогений бүтээлүүд дээр нилээд хэдэн үзэсгэлэн дэглээд амжсан куратор юм.

The New York Times-ийн энэ нийтлэл бидэнд ч мөн сануулга, илгээмжийг өгч байна. Бид өнөөдөр 100, 200, 300-ийн жилийн өмнөх барууны урлагийн түүх болон уран бүтээлчдийн намтрыг романтик, сохор оюун санаагаар уншиж, даган дурайж оюун санааны зуун зууны ухралтыг хийж амьдарсаар байх уу? Сохор оюун санааны үр дүнд уран бүтээлч, урлагт хайртай, дуртай, мэддэг сонирхдог гэх нэрээр бэлгийн задгай амьдралаар амьдарч бусдыг хохироосоор байхуу? Өнөөдөр даган дуурайгаад байгаа олон Уламжлалт сонгодог болон Модерн сонгодогуудын амьдрал замналыг барууны ертөнц аль хэдий нь шүүгээд хэлэлцээд эхэлж.

Хэдүүлээ одоо яах вэ?

Монголын нэгэн эрэгтэй Солонгосын нэгэн эмэгтэйн өгзөгт зөвшөөрөлгүй хүрсэн. Томоохон асуудал яриа үүссэн. Солонгост бас Монголд. Хуулийн хариуцлага дээрээ ч тулсан. Энэ бол зүгээр л ил гарсан жишээ. Өнөөдөр Монголд олон эмэгтэйчүүд бэлгийн дарамтанд өдөр бүр минут тутамд орсоор байгаа. Үнэндээ тэр эрэгтэй ямар албан тушаалтай байх эсвэл дарамтанд орсон эмэгтэй ямар ажилтай байх нь асуудал биш. Гол нь эрэгтэй хүн эмэгтэй хүний биед зөвшөөрөлгүй гар хүрсэн, ажилын байрны дарамт үүсгэсэн. Энэ бол өнөөдөр хөгжсөн нийгэмд хүлээн зөвшөөрч болохгүй явдал. Манайд өнөөдөрч энэ мэт бэлгийн дарамтуудыг хэвийн мэт харсаар л байна. Гол нь хэвийн бус зүйлийг хэвийн мэт хардагаа болих хэрэгтэй.

Ялангуяа урлаг нэрийн доор урлагийн түүхийг билиг ухаанаа зөв чиглүүлэн уншиж чадаагүйн улмаас, мөн олон нийтэд уран бүтээлчдийн ёс суртахуунгүй үйлдлүүдийг зөв сайхан болгож ойлгуулдаг зэрэг хүлээн зөвшөөрч боломгүй дүр зургууд өрнөсөөр байна. Бид түүнийг нь хэвийн мэтээр хүлээж авсаар л байна.

Урлаг өнөөдөр гоё хэлбэр дүрсээс илүүтэйгээр оюун санаа, нийгэм, соёл, хүн төрөлхтөний асуудалуудын талаарх илэрхийлэл, хэлэлцүүлэг болсон. Тэр ч утгаараа бид урлагийг асуудалуудыг олж харах, хэлэлцэх, өөрчлөх, хүмүүнлэг, эрх, үүрэг нь тэгш нийгэмийг бүтээх орон зай гэж ойлгон ухаарч, Монгол хүний оюун санааны дэвшил, хүмүүнлэг дэвшилтэт нийгмийг энэ л орон зайд үлгэрлэж, манлайлалыг хийх хэрэгтэй юм. /Уг нь бол/.

Дээр дурдсан хөгжсөн орнууд ч энэ философийн дагуу явдаг тул түүнд нь музей, галерей, уран бүтээлчид, судлаач мэргэжилтэнүүд ижил үзэл санаагаар маш чухал үүрэгтэй оролцог.
Гогенийг урлагийн түүхээс арчихгүй нь тодорхой ч урлагийн түүхийг шинээр бичих шаардлагатай нь 2019 онд болсон урлагийн ертөнцийн хэд хэдэн үйл явдалууд тодхон харуулсан гэж бодож байна. Бид ч мөн өөрсдийн урлагийн түүхийг дахин нэг уншаад, шинэчлэн бичих шаардлагатай л байгаа! Бид яах вэ?

 

Пүрэвийн Мягмарцэрэн (Жина)

Ванжил Арт Институтийн туслах куратор. Нью Иоркийн Рубины Урлагийн Музейн Кураторын хэлтэсийн дадлагажигч

 

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x