"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Д.Анхбаяр: Хүрээ сайдын 640 мянган нүүр баримт материалыг өөрсдийгөө Манж Чин гүрний залгамжлагч гэж үздэг БНХАУ хэрхэн үнэлж, онцгой ач холбогдол өгч байгаа

0

Соёлын сайд С.Чулуун нь Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал байхдаа буюу 2012 онд Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа Манжийн үеийн нэгдүгээр сан хөмрөг: “Хүрээ сайд”-ын хөмрөгийн бүх дансыг БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй хамтран өндөр чанарын гэрэл зургийн хуулбарын аргаар хэвлэн нийтлүүлэх зорилготой гэрээнд гарын үсэг зурсан.

 

Тус гэрээнд дурдагдсан хөмрөг нь Манжийн үеийн бүрэн бүтэн, сайтар хадгалагдсан хөмрөг юм. Мөн энэ хөмрөг урьд өмнө нь судалгааны эргэлтэд төдийлөн ороогүй тул түүнд агуулагдаж буй баримтуудыг нэг бүрчлэн хуулийн дагуу үнэлж, хосгүй үнэт, үнэт зэрэглэлийг тогтоогоогүй байсан юм. Тиймээс 2016 онд Авлигтай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс хосгүй үнэт, үнэт баримтад тооцогдох баримтууд байхгүй гэсэн шалтгаанаар тус гэрээнд гарын үсэг зурсан Д.Өлзийбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан байдаг. Энэ хөмрөгт Монгол Улсын нууцын зэрэглэлд хамаатай хосгүй үнэт, үнэт нэг ч баримт байхгүй, тиймээс хөмрөгийг бүтнээр нь хэвлэн нийтлүүлэх гэрээний зорилго нь Монгол Улсын хууль зөрчөөгүй гэж тус гэрээнд гарын үсэг зурсан хуулийн этгээдүүд удаа дараа мэдэгдсэн байна.

Харин энэ гэрээнд гарын үсэг зурсан БНХАУ-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн судлаачид Ли Шэн, Онон, Улаанбагана нар 1,280 ботиор эмхэтгэн хэвлэхээр тохирсон тус сан хөмрөгийн нийт 640,000 нүүр, 2,489 нэгж бүхий баримтын үнэ цэнийг Монголын талын ажлын хэсгээс тэс өөрөөр үнэлжээ. Одоо хэвлэгдэн гарсан 20 ботийн хятад хэлээр бичигдсэн өмнөх үгэнд Хятад улсын Бээжин дэх Түүхийн нэгдүгээр архивт хадгалагдаж буй Хүрээний сайдад холбогдох хөмрөг “…тийм ч арвин хадгалагдаагүй, баримтаар хомс” гээд Монголын Хүрээний сайдын баримт нь “Чингийн төрийн Монгол бүс нутгийн түүхийг нөхөх маш хосгүй судлагдахуун” болж байна гэж дурджээ. Түүнчлэн энэ гэрээнд гарын үсэг зурсан Хятадын талын ажлын багийн гишүүн Онон (毕奥南) тус сан хөмрөгийн тухай лекц уншихдаа:

“Хятад улс анх удаа хил дамнасан улстай хамтран хилийн гадна хадгалагдаж байсан Хятадын Чин гүрний хосгүй үнэтэй хил хязгаарын архивын материалыг хэвлэж гаргаснаараа Хятадын эрдэм шинжилгээ, судалгааны үнэ цэнийг улам алс гүнзгий болгох юм” хэмээн дүгнэжээ.

Гэрээний хятад талын өөр нэг гишүүн Улаанбагана (乌兰巴根) 2020 онд Хятадын эрдэм шинжилгээний хуралд оролцохдоо БНХАУ-д байгаа “Манж Чингийн үеийн цэргийн жанжин, амбан сайд нарын аль нь ч Хүрээ сайдын архивын дайны бүрэн бүтэн хадгалагдаж ирээгүй болохыг” онцгойлон тэмдэглээд Монголын Хүрээний амбан сайдын архив нь:

“Тухайн цаг үеийн бодит гэрч шууд өгүүлж бичиж тэмдэглэснээрээ хамгийн үнэнд ойр үнэ цэнэтэй юм. Тийм ч учир хожмын ном бүтээлээс сурвалжуудаас илүү үнэн бодит… Чин улсын Халхын бүс нутгийн түүх, улс төрийн түүх, нийгмийн түүх, шашны түүх зэрэгт маш үнэт ач холбогдолтой юм… Энэхүү анхдагч эх сурвалжийг ашиглан албаны түшмэлийн бичсэн түүхийн алдааг засаж залруулах ач холбогдолтой. Мөн уг архив нь хадгалагдаж байгаа түүхийн номуудын эргэлзээ алдааг ч залруулан тайлах боломжийг олгож байгаа юм. Хүрээний сайдын архив нь маш онцгой бөгөөд маш чухал түүхэн үнэ цэнэтэй түүхийн үнэт баримт мөн” гэж бичжээ.

Тиймээс уг гэрээний дагуу эмхэтгэл хэвлэх ажлыг Хятадын шинжлэх ухааны байгууллагууд өндрөөр үнэлж 2019 оны БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны сангаас 600-800 мянган юаниар санхүүжүүлсэн онцгой чухал ач холбогдолтой 371 төслийн нэгээр Хүрээ сайдын архивын баримт материалыг эмхэтгэн судлах төсөл шалгаруулсан байна. Ингэж БНХАУ-ын “цөөн тоот үндэстний хэл, соёлын хэвлэлийн төсөл”-ийн хүрээнд Монгол улсын Үндэсний Төв Архивт хадгалагдаж буй уг хөмрөгийн баримтуудын эхний хорин ботийг хэвлэжээ.

Үүнээс үзэхэд: академич, түүхийн ухааны доктор, Түүхийн хүрээлэнгийн захирал асан, одоогийн Соёлын сайд С.Чулуун, төрийн соёрхолт түүхч, тухайн үеийн Архивын ерөнхий газрын дарга асан Д.Өлзийбаатар нарын хэлснээр чухал биш, ямар ч нууц юм байхгүй, зөвхөн хуулга төдий гэгдэж буй Хүрээ сайдын 640 мянган нүүр баримт материалыг өөрсдийгөө Манж Чин гүрний залгамжлагч гэж үздэг БНХАУ хэрхэн үнэлж, онцгой ач холбогдол өгч байгааг Онон, Улаанбагана нарын үнэлгээ, одоог хүртэл Хятадын Засгийн газрын онц чухал төслүүдэд багтаж санхүүжилт авч байгаагаас харж болно.

Монголын архивын материалыг хуулбарлахад Хятадын талаас оролцсон Б.Ононгийн лекц:

https://eguur.mn/134343/

Монголын архивын материалыг хуулбарлахад Хятадын талаас оролцсон Улаанбаганын лекц:

https://history.muc.edu.cn/info/1021/3214.htm?fbclid=IwAR2r5T-Chtv0WpzFOIobWMmRi4Wr6S0HLCppLrMHtypuufPJkm_izg97rpY

БНХАУ-ын НШУ-ны сангийн 2019 оны шалгарсан 371 төслүүдийн жагсаалт. Үүнд 210-рт буй:

https://www.cingta.com/detail/12825?fbclid=IwAR1u0YuRdJnyqPt_a_HRQbJO5HeSql6BiA5I1UcZnhVgZxQRHspN4Jn-Ts

МУИС-ийн багш, доктор Д.Анхбаяр

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x