"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

ЕВРОПЫН ЗӨВЛӨЛ ГЕРМАН УЛСЫН АВЛИГАТАЙ ХИЙЖ БУЙ ТЭМЦЛИЙГ “ХАНГАЛТГҮЙ” ГЭЖ ҮНЭЛЭВ

0

Герман Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа төдийлөн амжилт олохгүй байна гэж ARD мэдээллийн төвөөс мэдээлэв. Европын Зөвлөлийн тайланд Бундестаг дахь хээл хахууль, лоббизмтой хийх тэмцлийг “бүхэлд нь авч үзвэл хангалтгүй” гэж үнэлсэн бөгөөд 2015 онд гаргасан заавар зөвлөмжийг хэрэгжүүлээгүй байна гэжээ.

Европын Зөвлөлийн шинжээчид Герман Улс урьдын адил Бундестаг дахь авлигатай тэмцэхэд хүчин чармайлт гаргахгүй байна гэж үзжээ.

Тус улс нь Авлигатай тэмцэх хяналтын ГРЕКО /Авлигатай тэмцэх улс орнуудын бүлэг/ байгууллагаас 2015 онд гаргасан парламент болон шүүх засаглал дахь хээл хахуулийн эсрэг чиглэсэн заавал хэрэгжүүлэх заавар зөвлөмжийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй гэж Европын Зөвлөлийн тайланд дурджээ.

2017, 2019 оны тайлангуудад  мөн “ерөнхийдөө хангалтгүй” гэж тодорхойлогдсон бөгөөд 2022 оны 3 дугаар сард Европын Зөвлөл дахь Германы төлөөлөгчид ажлын явцын тайланг хүргүүлэх ёстой байна.

Авлигатай тэмцэх хяналтын ГРЕКО байгууллагаас “зөвлөмжийн хэрэгжилтийн ерөнхий түвшин доогуур” байна гэж үзсэн бөгөөд парламентын үйл ажиллагаанд нөлөөлөх зорилготой лоббичид болон гуравдагч этгээдтэй гишүүдийн зүгээс хамтран ажиллах тодорхой дүрэм байхгүй талаар шүүмжилжээ. Түүнчлэн Герман Улс гишүүдийн хувийн ашиг сонирхол, сонсголын үеэр хэлэлцсэн асуудал хоорондын зөрчлийн талаарх мэдээллийг ил болгох шаардлагыг биелүүлээгүй байна.

Христийн Ардчилсан Холбоо болон Христийн Нийгмийн Холбоо эвслийн Бундестаг дахь хэд хэдэн гишүүнийг хээл хахууль авсан, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж буруутгасан бөгөөд тэднийг хамгаалалтын хэрэгсэл нийлүүлэх засгийн газрын захиалгад зуучилсны төлөө хээл хахууль авсан гэж мэдээлсэн байна. Түүнчлэн Христийн Ардчилсан Холбоо намын гишүүн Марк Хауптманыг Азербайжаны эрх ашиг сонирхлын төлөө лобби хийсэн хэмээн сэжиглэж байгаа юм байна.

Европын Зөвлөл нь Францын Страсбург хотод төвтэй бөгөөд хүний эрхийг хамгаалах үүрэгтэй юм. 1999 онд үүсгэн байгуулагдсан Авлигатай тэмцэх хяналтын ГРЕКО байгууллага нь Европын Зөвлөлийг бүрдүүлэгч 47 улс, болон АНУ, Беларусь, Казахстан Улсыг багтаадаг байна. Авлигатай тэмцэх чиглэлээр улс орнуудын хийж буй үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үнэлдэг байгууллага юм гэж мэдээлжээ.

 

Инотв

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x