"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Казакстанд хоргодож буй Халимаг Монголчууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс тусламж хүслээ

0
Казахстан улсын Алматы хотод буй ОХУ-ын иргэн Халимаг Монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад Хэргийн сайд Б.Батцэцэг нараас тусламж хүсчээ.
Тэдний хүсэлтэд:
Хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлагдсанаас хойш бидний Ойрд Монгол үндэстний 20-иос 59 хүртэлх насны эрэгтэйчүүд төрсөн нутаг орноо буюу Халимаг улсаа орхин гарахаар шийдсэн билээ. Бидний төрөл төрөгсөд Орос улс болон Казахстан улсын хил хүртэл хэдэн километр үргэлжилсэн автомашин, хүмүүсийн дарааллыг явганаар туулсаар хүрсэн. Хувь заяаны эрхээр ОХУ-ын хилийн цаана гараад байгаа Ойрд Монголчууд – Халимагууд бид Америк, Европ болон Азид өөрсдийн ахан дүүст туслах бүлгүүдийг зохион байгуулан нэгдэцгээсэн болно. Бид манай ард түмний буюу та бүгдийн элэг нэгт ахан дүүсийн эсрэг явуулж буй геноцид үйл ажиллагааг зогсоохын төлөө өөрсдийн хийж чадах бүхнийг хийсээр ирсэн, хийж ч байна, мөн хийсээр ч байх болно.
Манай эрчүүдийн олонх нь одоогоор ах дүүгийн барилдлагатай, найрсаг Казахстан улсад сая сая оросын иргэдийн хамтаар Казахстаны ард түмний ачаар толгой хоргодох газартай болоод байгаа билээ.
Казахстаны ард түмэнд ОХУ-ын дотоодын болон хугацаа нь дууссан гадаад паспорттой Казахстан улсад саадгүй нэвтрэхийг зөвшөөрч гүн туслалцаа үзүүлсэнд нь талархаад баршгүй. Халимагуудын дийлэнх нь Монгол гэдэг уг үндсээ хадгалж үлдэх ёстой гэдгийг бат ойлгодог учраас Казахстаны хилээр давах үеэсээ л өөрсдийн түүхэн эх орондоо хүрэх зорилгыг өмнөө тавьж, улмаар Монгол руу явганаар алхаж хүрэхээр шийдсэн.
Казахстан улс Монголтой хиллэдэггүй тул тэд одоогоор ковидын улмаас хязгаарлалт тогтоогоод байгаа Хятад улсаар дамжин явах, эсвэл саяхан шинээр батлагдсан Оросын хуулийн дагуу тэр даруй баривчилж 15 жил шоронд хорих ял хүлээж буй Орос руу буцаж очихоос өөр аргагүй болоод байна. Дараа нь тэднийг “Путины тогооч – Пригожин” шоронд эргэж очингоо Украин дахь аллагаа үргэлжлүүлэхийн тулд өөрийн “Вагнер” ЦХК (Цэргийн хувийн компани)-даа бүртгэж авах болно.
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Бид Танаас долоо хоногийн дотор хүмүүнлэгийн чартер нислэгээр Алматы хотын нисэх буудалд дээр байгаа та бидний ахан дүүсийг нүүлгэн шилжүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна. Түүнчлэн, нислэгийн коридорыг Орос улсын бус харин Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрүүлэхэд анхаарахыг хүсэж байна, учир нь саяхныг болтол иргэний агаарын хөлгүүдийг замаас нь саатуулж улмаар хүчээр газардуулан, зорчигчдыг нь баривчилсан тохиолдлууд гарч байсан билээ.
Тэдний олонх нь зөвхөн ОХУ-ын дотоодын паспорттой бөгөөд үүний улмаас олон улсын нислэгийн тийз худалдан авах боломжгүй байгаа тул бидний Ойрд Монгол ахан дүүсийг нислэгийн тийз бичихгүйгээр дээрх хүмүүнлэгийн олон улсын нислэгт жагсаалтаар бүртгэн тээвэрлэн авчрахыг Танаас хүсэж байгаа юм.
Эрхэмсэг хатагтай Монгол Улсын Гадаад хэргийн сайд аа,
Америк, Европ, Азид байгаа бид бүхэн дээрх хүмүүнлэгийн чартер нислэгийг саадгүй нэвтрүүлэх агаарын коридорыг хангахын төлөө бүхий л хүч чадлаа дайчилж өгөхийг Танаас хүсье, мөн түүнчлэн зөвхөн оросын дотоодын паспорттой буюу хугацаа нь дууссан ОХУ-ын гадаад паспорт бүхий та бидний ахан дүүсийг хилээр нэвтрүүлэх болон онгоцонд суулгахад туслахыг хичээнгүйлэн хүсэж байна.
Бидний олон олон ах дүүсийн хувьд энэ бол эцсийн найдлага юм шүү гэдгийг танд сануулах нь илүүц буй за, эс бөгөөс тэднийг аймшигтай гамшигт, гагцхүү бидний өвөө эмээ, аав ээж нарт 1943 оны 12 дугаар сарын жихүүн өдрүүдэд тохиолдсон, Халимаг – Ойрд Монголчуудын эсрэг үйлдсэн геноцидын улмаас үндэстний 60 гаруй хувийг хүйс тэмтэрсэнтэй дүйцэх үр дагаврууд хүлээж байгаа болно.
Манай эрчүүд Та бүгдийн дурсамжид Мөнх Хөх Тэнгэрийн дор дахин хэзээ ч эс орших ахан дүүсийн хувьд дурсагдан үлдэх үү, эсвэл Та бүгдийн хамт мөр зэрэгцэн зогсох уу гэдэг сонголт тулгараад байна. Гагцхүү Халимагууд – Ойрд Монголчуудын хувьд эзлэх Та бүгдийн байр суурь л тэдний устаж үгүй болох уу, амьдрах уу гэдгийг шийдэх болно.
Иймд, та бүхнээс өөрсдийн ахан дүүсийн амьдралыг сонгохыг хичээнгүйлэн гуйж байна.
Та бүгдийн саруул ухаанд итгэж найдан гүнээ хүндэтгэсэн,
Европ дахь Халимаг – Монголчууд гэжээ.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x