"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Казахстаны ерөнхийлөгчийн гайхалтай дипломат тэмцэл

0
Байгалийн баялаг ихтэй Казахстан улс ОХУ-аас хэт хамааралтай улстөр, эдийн засгийн бодлоготой явж ирсэн. Тэд ОХУ-д түүхий эд нийлүүлэгч, импортлогч улс болсон. Харин үүнийг эрс өөрчилж буй Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев ээлжит удаагаа шуугиулав. Тэрээр ОХУ-д зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн форумд биечлэн оролцов. Энэхүү арга хэмжээнд дэлхийн улс орнууд төлөөлөгчөө илгээсэнгүй. Шалтгаан нь Орос-Украины дайн тойрсон үл ойлголцол юм. Харин Казахстаны төрийн тэргүүн ямар зорилгоор өөрийн биеэр очсоныг олон нийт гайхаж байлаа.

Түүнд Кремлийн удирдагч төрийн дээд шагнал Александр Невскийн одон гардуулахаар төлөвлөжээ. Гэтэл К.Токаев татгалзав. Олон жил дипломат албанд зүтгэсэн улстөрч хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан “ерөнхийлөгч байх хугацаандаа гадаад дотоодын нэг ч шагнал, одон медаль авахгүй” гэж шийдсэнээ мэдэгдсэн. Үүний дараа олон хүний анхаарал татсан чухал сэдэв хөндөгдлөө. В.Путинтэй зэрэгцэн суусан К.Токаев хөтлөгчийн асуултаас бултсангүй.

– Казахстан улс Луганск, Донецкийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх үү?

К.Токаев: Тусгаар тогтнох, салан тусгаарлах хүсэлтэй болгоныг хүлээн зөвшөөрвөл НҮБ-д 193 биш, 500-600 орон бүртгэлтэй байх болно. Энэ бол бидний хүсэх эмх замбараагүй байдал биш. Тайвань, Косово, Абхаз, Өмнөд Осети, Луганск, Донецкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй…

гэж В.Путины нүүрэн дээр шууд хэлж орхив. Түүний зорилго энэ л байжээ. Казахстан даяар Ерөнхийлөгчийнхөө мэдэгдлээр бахархсан хүмүүс байна. Саяхан тус улсын ерөнхийлөгч асан Н.Назарбаев өөрийн хүсэлтээр В.Путинтэй уулзалт хийсэн. Оросын хэвлэлүүдээр энэ мэдээлэл төрийн айлчлал мэт л цацагдсан. Харин Казахстаны ерөнхийлөгч энэ улсын удирдагч өөр хүн шүү гэдгээ биеэрээ баталлаа.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Казахстаны ерөнхийлөгчийн үг үйлдэлд бухимдсан. Тэрээр хурлын үеэр Касем-Жомарт Кемелевич Токаевыг “Камихам Ишемильевич” гэж дуудсан нь үүнийг илтгэнэ.

Тусгаар улсын ерөнхийлөгч үндэсний эрх ашгаа тууштай, зоригтой хамгаалж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэв. Дэлхий нийт энх тайван байдлын төлөө хамтдаа зогсож байна.

Эх сурвалж: https://tengrinews.kz/…/prezident-tokaev-otkazalsya-ot…/https://astanatimes.com/…/president-tokayev-answers…/ 

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x