"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Нүүсэн Казахын Монголоо гэсэн сэтгэл

0

90-ээд оны эхээр төрж өссөн Монгол орноосоо Казахстан руу нүүн суурьшсан 60-аад мянган иргэдийн дотор уран бүтээлч, урлаг, соёлын зүтгэлтнүүд цөөнгүй байлаа. Тэдний нэг Таукейн Тайф гуай «Монголын  казах театрын алдартнууд» нэртэй номоо өөрөө насаараа ажилласан театрынхаа 60 жилийн ойд зориулан хэвлүүлжээ. Түүхийн хувьд авч үзвэл жаран жил гэдэг ахархан хугацаа боловч  энэхүү он, жилүүдийг сөхөн харж, эргэн эс санах аваас улиран балрах, мартагдан арилах талтай юм. Түүнчлэн жаран жилийн түүх намтраас  түүхэн гавъяатай зүйлс ч олдох нь лавтай. Монголд оронд суурьшин амьдарсан 150 мянган казах иргэдэд үндэсний урлагаа хөгжүүлэхэд төр, засгийн зүгээс үлэмж их анхаарал тавьж, энэрэн халамжилсан түүхэн үйл явдлыг зохиогч уг номондоо халуун дотноор дурсан санажээ.  УБДС-ийн кино, драмын ангийг 70-аад төгссөн Т.Тайф гуай эдүгээ Астана хотод аж төрдөг, урлагийн ахмад зүтгэлтнүүдийн нэг. Баян-Өлгийн хөгжимт драмын театрт жүжигчин, найруулагчаар ажиллаж байсан тэрбээр энэхүү урлагийн ордныхоо авьяастнуудын амьдрал уран бүтээлийн замналыг Монголын төр, засгийн халамж, ивээлтэй холбон олон арван үнэ цэнтэй баримт сэлтээр номоо баяжуулжээ. Театрынхаа 60 жилийн ойд зориулсан эл ном нь ахмад хүний залуу насны дурсамж төдий зүйл биш юм. Анхааран тунгаасан хүнд түүхэн уламжлал нэгтэй монгол, казах зоны ах дүүгийн нягт холбоо, Монгол төрийн хайр халамж, үндэсний урлагийн төлөө хамтран зүтгэсэн нөр хичээнгүй хөдөлмөрийн үр шимийг сэтгэлд шингэтэл дүрсэлсэн нь сайшаалтай.  Сэдвийн хувьд ихээхэн өргөн хүрээтэй, бүхэл бүтэн театрын жаран жилийн түүхэн замнал болон тэнд ажиллаж, амьдарсан уран бүтээлчдийн үйл ажиллагааг үнэлэн цэгнэх нь амаргүй ажил болохыг гагцхүү бичгийн хүмүүс л мэдэрч ойлгох буй за. Үнэнийг хэлэхэд нэгийн зэрэг зохиогч биш эрдэм шинжилгээний төвийн хэсэг ажилтнуудыг зохион байгуулсан ч болохоор сэдэв юмсанж. Бичмэл баримт сэлт ховордуу, архивийн материалаар ч хомс боловч зохиогч маань эдүгээ амьд сэрүүн ахмадуудтай биечлэн уулзаж, дурсамж яриагаар баяжуулсан нь танин мэдэхүйн хувьд чухал ач холбогдолтой юм. Ямар ч атугай өнгөрсөн зуун Монголын театр урлагийн түүхнээ цоо шинэ эрин үеийг нээсэн юм. Түүнийг зөвхан нэг намын үзэл сурталтай холбон өрөөсгөл тайлбарлаж туйлшрах нь ч илүүц юм.    ХХ зуунаас өмнө их талын нүүдэлчин түмний хувьд дэлхий нийтийн сонгодог хэлбэр бүхий үндэсний театр байсангүй. Монголын төр, засаг Баян-Өлгий аймагт казах үндэстний хөгжимт драмын театр байгуулж өгсөн нь чухамдаа 150 мянга хүрэхтэй үгүйтэй үндэсний цөөнхийн төрөлх хэл, заншлаа унаган төрхөөр нь хадгалахад анхаарал тавьсан асар их хайр халамжийн нэгэн тод илрэл байсан юм. Номын хуудсыг нээж, нүд гүйлгэх зуур тэртээ алсад улиран үлдсэн хүүхэд ахуй цагт тайзнаас үзсэн, Монголын төв радиогоор сонссон урлагийн мастеруудын дуу, хуур чихнээ сонсогдох мэт болно. Сэтгэлд хоногшсон, ойр дотно нэр ус, домог адил дурсагдах урлагийн цуут хүмүүсийн гавъяа зүтгэлийг ч ажиглаж болно. 1955 онд аймагт анх удаа театр нээгдэхэд Улаанбаатараас Г. Цэрэндорж, Б. Дамдинсүрэн, З. Цэндээхүү, Ц. Сэвжид, Алматаас Х. Тастанов, З. Жарасбаева нар уригдан ирж, жүжигчдийг шалгаруулан авч хичээл, сургууль зохион байгуулсныг Тайф гуай баримтаар нотлон өгүүлжээ. Баян-Өлгийн театр тоглолтоо тухайн үедээ ганц аймгаар хязгаарлаагүй юм. Улсынхаа  аймаг, хот, сумдын төвд айлчлан тоглож, концертын  хөтөлбөрүүдээ сонирхуулдаг байсан нь орон нутгаасаа холдон суурьшсан казах иргэдийн оюуны хэрэгцээг хангаад зогсоогүй тэдний эх хэлээ хадгалан баяжуулахад нь үндэсний  урлагаар дамжуулан нөлөөлсөн юм. Үүнийг бид эдүгээ хүртэл Монголын төр, засгийн зүгээс үндэсний цөөнхийг уусгах бодлого баримтлаагүйн ач тус хэмээн зүй ёсоор үнэлэн талархдаг. Үүний ачаар Монголын казахууд үндэсний хэл, соёлоо унаган төрхөөр нь хадгалан үлдсэнээ түүхэн эх орон Казахстан даяар хүлээн зөвшөөрүүлсэн билээ.  Уг театрын жүжигчид 20-30 казах өрх айл байдаг жижигхэн тосгонд хүртэл тоглолтоо хийж, концертын хөтөлбөрөө бүрэн хэмжээгээр сонирхуулдаг байсан юм.  Сумд болон уурхай тосгодын соёлын төв, клубуудад болдог тэдний айлчлал тоглолтуудыг казахуудаас гадна орон нутгийн монгол ах дүүс ч таалан сонирхож, концертын танхим үзэгчдээр пиг дүүрэн байдагсан. Баян-Өлгийн театрын тийм айлчлал тоглолт Монгол орны дөрвөн зүг, найман зовхист таран бутарсан казах иргэдийн хувьд баяр наадам лугаа адил байж билээ. Концертын дараа жүжигчдийг гэртээ урьж зочлуулах гэж бараг л булаацалддаг байсан. Театрынхан дөрөв таваараа хуваагдан арваад айлд орж, идээ, будаа амсаад гарна. Хүүхэд байсан болохоор дөнгөж саяхан тайзнаас үзсэн жүжигчдийг гэрийнхээ хойморт залран суугааг харах их сонин санагддагсан. Маргааш нь тэднийг гаргаж өгөх гэж бүр сүйд болно оо. Жүжигчид суусан автобусыг морьтой, мотоциклтой, машинтай дагаж, нэг гүвээ давуулаад үднэ. Энэ бол казахууд харьцангуй цөөн нутагладаг сум, орон нутаг болдог үзэгдэл юм. За тэгээд, Эрдэнэт, Налайх, Чандаган мэтийн 500-1000 өрх айл казахууд нутагладаг томоохон хот, сууринд бол Баян-Өлгийн театрыг угтаж авах, гаргаж өгөх гэдэг маань бараг л үндсний баяр гэмээр үйл явдал болдог байв.  

 Энэ дашрамд миний бие бас нэг сонин дурсамжаа цухас дурдсу.  Монголын казахуудын дотор орон даяар алдартай циркийн алиалагч асан Төлегений Латиф гуай, шог зохиолч, талийгаач Ж.Барамсай хоёр 1984 онд Эрдэнэт хотод ирж билээ. Хагас жилийн өмнөхөн оюутан байхдаа Барамсай ахын «Үхэр бол амьд амьтан мөн» гэдэг шог өгүүллэг миний орчуулгаар Казахстаны утга зохиолын төв хэвлэлд нийтлэгдсэн билээ. Түүнийг Латиф гуай найз нь юм болохоор Барамсай ахад үзүүлж, намайг эчнээгээр таницуулсан юм шиг байна лээ.  Хоёул «Эрдэнэт» сонины редакцид ирж намайг дагуулаад явлаа.  Эрдэнэт хотод ажиллаж амьдарч буй казахууд Латиф ахтай хамт биднийг гэртээ ээлжлэн урьж, хүндэлнэ. Латиф ах очсон айл бүрт домбыра хөгжмөө хөг аяыг тааруулж аваад ардын дуунуудаа эгшиглүүлэн дуулна. Хөгжим ч гэж хөгжим, хоолой ч гэж хоолой. Нутаг, нугаа санасан хүмүүс бие биенээсээ өрсөн ирж, нэг гэрээс нөгөөд дамжуулан зочлуулж байлаа. Барамсай гуай ч бас орон даяар алдаршсан том шог зохиолч. Түүний яриа хөөрөө ч бас хүмүүсийг хөгжөөж байв. Дуулахын зэрэгцээ Латиф ахын ярьсан нэгэн  дурсамж  сэтгэлд хоногшин үлджээ: – Тэр жил Өлгийгөөс нийслэлд ирээд кино-драмын ангид элсэх юм болов. Комиссын дарга нь жүжгийн зохиолч Э. Оюун гуай миний домбырдож дуулсан дууг анхааралтай сонсоод, үзүүлсэн пантамимо дүрийг маань үзснийхээ дараа «Хүү минь, чамд авъяас байна. Гэвч монгол хэлийг төгс эзэмших хэрэгтэй. Үүнийг чамд даалгаад сургуульд элсүүлье» гэлээ. Би ч монгол хэл сурахаар байдгаараа л чармайлаа.  Дөрвөн жилийн дараа диплом хамгаалалтад нөгөө Э.Оюун гуай маань хүрээд ирж. Намайг танингуутаа ингэж хэлдэг байна шүү: – Элсэлтийн шалгалтын үеэр би чамд юу гэсэн билээ?- Монгол хэлийг төгс эзэмш гэсэн. – Их сайн байна. Тэгээд сурав уу? – Сурсан шүү, Оюун эгч ээ!- За, тэгвэл тачаангуй хүний дүр гаргаадах даа! «Яахаа мэдэхгүй таг болчихлоо. Учир нь «тачаангуй» гэдэг үгийг ер сонсоогүй ч юм байна. Балай юм шиг мангартаж зогстол Оюун гуай: – За яах вэ, Латиф минь! Хэл гэдэг чинь гүн далай мэт юм. Чи одоо болтол тэр далайн эрэг дээр л байна. Далайд шумбаж сэлэхийн тулд уран зохиолын ном их уншаарай! – гээд дипломын ажилд минь «онцсайн» дүн тавьж билээ».  Ийн өгүүлсэн  Латиф ах, хожим нь драмын театрт өөрийнхөө таарч тохирох дүрээ олоогүйгээ дурсав: «Нэг удаа «Отелло» жүжгийн Ягогийн дүрд тоглов оо. Дүрийн шаардлагаар бол үзэгчид намайг үзэн ядаж л суух ёстой юм. Гэтэл намайг тайзанд гарахлаар л цөм тачигнатал инээлдэх юм. Бүр хүн алахаар гэтэж явахад хүртэл тэд инээгээд байхыг нь яана. Тоглолтын дараа найруулагч намайг зад загнав. Тэднийг инээлгэхээр ер орлдоогүй, дүрээ бүтээх гэж л чармайсан. Тэд л инээлдээд байх чинь билээ гэж өчлөө. Тэгтэл нэг ахмад жүжигчин: «Латиф ер нь драмын жүжигт тохирохгүй юм шиг байна. Энэ бол ерөөсөө байгалиас заяасан алиалагч юм. Латифт хамгийн тохиромжтой нь хошин шог дүр л юм шиг байна» гэлээ шүү гэв. Ингэж Латиф гуай циркт ирснийхээ дараа алдарт алиалагч болж, авъяас нь тодорсныг дурсаж билээ. Тайф гуай номынхоо хоёрдугаар ботийг бэлтгэж байгаа тул энэ мэт дурсамж хэрэг болохсон болов уу хэмээн үүнийг өгүүлэв. Ер нь, Баян-Өлгийн театрт авъяас чадвараа сорьж, урын сангаа баяжуулсан олон арван мэргэжлийн жүжигчид хожим нь Монгол орны төв академик театрт  шилжин ажиллаж, улс даяар алдаршсан билээ. Тэдний нэг бол ардын жүжигчин, нэрт дуучин Абикейн Хавлааш гуай билээ. Оюутан байхдаа Монголын үндэсний  дуурь бүжгийн академи театрын тайзнаа түүний дуулахыг анх үзэн сонсч билээ. Түүний дуулахыг Монголын радиогоор урьд олонтаа сонссон ч нүдээр үзэх бол тэс өөр байв. Казах ардын болон Абайн зохиолын дуунуудыг Монголын их театрын найрал хөгжмийн чуулга гайхамшигтай тоглож, Хавлааш гуай ч мэргэжлийн өндөр түвшинтэйгээ харуулсан. Улс даяар алдартай дуучдаас бүрэлдсэн найрал дуучид гоцлон дуулагч Хавлааштай хамтран цэвэр казах хэл дээр дагалдахад бахармаар сэтгэл төрж билээ. Урлагт үндэсний, хил хязгаарын ялгаа огт үгүй болохыг тэр мөчид сэтгэл зүрхээрээ мэдэрч билээ л. Дээр дурдсан Латиф гуай Монгол циркийн манежэнд зогсоод домбыра хөгжмөө товшиж, «Актамак»-аар үзэгч олноо баясгадаг. Концертийн төв танхимд Хоролсүрэн эгч «Миний хонгор хотод бий», «Казах вальс», «Эхийн тухай дуу»-гаа уянгалуулан алга ташилттар талархал хүлээдэг байсан. Баян-Өлгийн театрын аксакал Хибат-Долда гуайн домбырдон дуулсан казахын болон бусад олон ястны ардын дууг Монгол даяар таалан сонсдог үе ч эдүгээ түүх болон улирчээ.  Монголын урлагийн түүхэнд нэрээ үлдээсэн ийм алдартнуудын нөр хичээнгүй хөдөлмөрийг үнэлэхгүй байж яахин болох билээ. Үүнийг гүнээ ухамсарлан ойлгосон Тайф гуай үзэг цаас нийлүүлэн хичээнгүйлэн хөдөлмөрлөж ном бэлтгэн, үнэхээр буянтай үйлс бүтээжээ. Уг ном нь тусгайлсан сэдвүүдээс бүрдсэн таван бүлэгтэй юм. Нэгдүгээр бүлгийг нь «Алтан үе» гэж нэрлээд театрыг үндэслэн байгуулсан ахмад үеийнхэнд зориулсан байна. Монгол дахь казах уран зохиолыг үндэслэгч, жүжгийн зохиолч  Бабыйн Ахтааны «Ермалай» гэдэг жүжгээр анхны бүтээл тайзнаа тавигдсаныг зохиогч зүй ёсоор цохон тэмдэглэжээ. Түүнчлэн төвөөс биечлэн ирж театрын урын санг баяжуулахад тусалсан Монголын нэрт зүтгэлнүүдийг ч нэгбүрчлэн танилцуулсан байна. Ийнхүү Монгол орноос эдүгээ Казахстанд нүүн суурьсан урлаг, соёлын зүтгэлтнүүд төрсөн газар нутгийнхаа хөгжил дэвшилд Монголын төр, засаг аль ч үед туслан дэмжиж ирснийг бахархан дурсаж явна.  Казахстаны соёлын зүтгэлтэн, мэдээллийн тэргүүний ажилтан, сэтгүүлч Куандык ШАМАХАЙУЛЫ (Ш.Хуандаг) АСТАНА

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x