"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Солонгосын төв банк бодлогын хүүгээ дахин бууруулж, жилийн 0.75% болголоо

0

 

БНСУ-ын Санхүү, валютын хороо өнөөдөр ээлжит бус хурал зарлан хуралдаж шинэ төрлийн коронавирусын халдвар болох covid19-өөс үүдэлтэй дэлхийн цар тахлын нөлөөгөөр эдийн засагт үүсэж буй хүндрэлийг бууруулах зорилгоор төв банкны бодлогын хүүг түүхэндээ хамгийн бага буюу өнгөрсөн 2 сард баталсан 1,25%-аас дахин 0,5% бууруулж 0,75% болгов.

Энэ нь өчигдөр АНУ-ын Холбооны нөөцийн газар хуралдаж бодлогын хүүгээ 0% болгосон санаанд оромгүй шийдвэртэй уялдаатайгаар хийж буй арга хэмжээ юм.

БНСУ-ын Төв банкны бодлогын хүү 0 хүртэл хувь руу ийнхүү буурч буй нь түүхэндээ анх удаа бөгөөд мөн Санхүү, валютын хороо өмнө нь ээлжит бус хурал зарлаж шийдвэр гаргаж байсан нь 2001 оны 9 сарын 11-ны террорист халдлага, 2008 оны 10 сарын дэлхийн эдийн засгийн хямралын үе гэсэн хоёр л тохиолдол байсан ба энэ удаагийхтай 3 дахь удаагаа ийнхүү шийдвэрээ гаргаж байна.

Санхүү, валютын хороо нь төв банкны бодлогын жилийн хүүг бууруулахаас гадна Санхүүгийн зуучлалын тусламжийн зээлийн (Төв банкнаас жижиг дунд үйлдвэрлэгч нарыг дэмжих зорилгоор арилжааны банкнуудад өгч буй дэмжлэг) хүүг одоо байгаа 0,50%~0,75%-аас 0,25% болгон багасгаж хөрвөх чадварын нийлүүлэлтийг бууруулах нэмэлт арга хэмжээг авав.

Мөн цаашид санхүү банкны байгууллагын санхүүгийн нийлүүлэлтийн хүндрэлээс урьдчилан сэргийлж Дахин худалдан авах нөхцөлт(RP) үнэт цаасанд банкны бондыг нэмж оруулав.

АНУ-ын Холбооны Нөөцийн Газар “Big cut” зарласны дараа Шинэ Зеландын төв банк бодлогын хүүгээ 1%-аас 0,25% хүртэл бууруулж, үүнийгээ ирэх жил хүртэл барихаа зарласан юм.

Мөн Японы төв банк (BOJ) яаралтай хуралдаж ETF-ийн жилийн худалдан авалтын хэмжээг 6 триллион иенээс 12 триллион иен болгон хоёр дахин нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x