"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

СЭТГҮҮЛЗҮЙ БОЛ НИЙГМИЙГ ЦЭВЭРЛЭГЧ

0
Маргааш буюу 5-р сарын 3-ны өдөр бол олон улсын “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр” буюу орон орны сэтгүүлчдийн байгууллага өөрсдийгөө харах өдөр. Ганц сэтгүүлчдийн ч өдөр гэж явцуурах өдөр ч бас биш. Эрхэм иргэн таны үнэн зөв, шударга мэдээлэл хүртэж, мэдэх эрх чөлөөний төлөөх өдөр гэж болно. Цар тахлын аюул заналтай өдөр бүр тулж байгаа энэ хүнд өдрүүдэд олон түмэндээ мэдээлэл хүргэхээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа бүх сэтгүүлчдэдээ хувиасаа болон зохиолчдынхоо өмнөөс халуун мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэе. 1О гаруй жил Монголын Сэтгүүлчдийн Эвлэл болон Чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн Холбоо гэсэн нэрээр хоёр хуваагдаж, чөдөртэй чөлөөтэй гэгдэн толхилцож байсныг нэгтгэж, хоёр талдаа хурлаа хийж, МСНЭ байгуулахад гар бие оролцож, басхүү энэхүү байгууллагыг удирдах үүргийг хамтарсан тэр их хурлаас сонгогдон хүлээж явсны хувьд сэтгүүлчдийн байгууллага болоод, сурвалжлагч сэтгүүлчдийнхээ авьяас чадврыг хүндэтгэн хэн нь юу хийж, юу бүтээж байна, хэн үнэтэй хувь нэмрээ оруулж явна вэ? гэдгийг хэрэндээ анализ хийж явдаг гэхэд болно. Бас их, дээд сургуулиудад олон жил лекц уншиж, “Эрэн сурвалжлах сэтгүүлзүй” , “Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн менежмент” сурах бичгийг дангаараа, “Электрон сэтгүүлзүй” гарын авлагыг эрдэмтэдтэй хамтарч бичиж байсны хувьд миний бие одоо ч сэтгүүлзүйгээс огт хамааралгүй хүн биш, тэгээд ч өнөөдөр МСНЭ-ээс надад хандаж, үзэл бодлоо хэлж, ном бүтээлээ танилцуулж оролцоорой гэсэн болохоор үүнийг үүрэг өгч байна гэж бодоод, зав зайгаар үүнийг бичиж байна.
Зохиолч, сэтгүүлч хоёр цул нэгдмэл, харилцан хамаарал нөлөөтэй, ихэр юм шиг хувь заяатай үзэг цаас нийлүүлдэг хүйн холбоотой явж ирсээн, одоо ч тийм байгаа. Зохиолчдын байгууллагын 90 жилийн ойг угтаж, энэ цаг үеийн манлайлагч залуусын нэг, газар шорооныхоо төлөө хүчирхэг тэмцэгч МСНЭ-ийн ерөнхийлөгч Х. Мандахбаяр хамгийн түрүүнд баяр хүргэж, бодитой хувь нэмрээ оруулж, итгэл өгч байсныг өнөөдөр дурсахад таатай байна.
Мэргэжлийн сэтгүүлч бэлтгэж эхлээгүй үед хэд хэдэн үеийн монголын сэтгүүлзүйг зохиолчид нуруундаа үүрч ирсэн түүхтэй. Бүр Богд хаант Монгол Улсын үед “Шинэ толь” хэмээх анхны сонинг “Үйлийн чанарыг үлгэрлэсэн үзэмжит өгүүлэл”туужисыг бичсэн зохиолч, хувьсгалч Догсомын Бодоо, олон талын гавьяат үйлстэн, үндэсний хэмжээний соён гэгээрүүлэгч Цэвээн Жамсрановын хамтаар эхнээсээ зүтгэж, 30, 40,50-иад онуудад Ц.Дамдинсүрэн, Б. Ринчен, Ч.Чимэд нарын нэр төртэй зохиолчид төвийн бүх сонин хэвлэлийг байгуулж, бүтээж, хөгжүүлсэн, мөнхүү ардчиллыг авчирсан 90-ээд онд ч ялгаагүй манлайлсан. Төр, засгийн удирдагчид бараг бүгдээрээ ямар нэг хэмжээгээрээ сэтгүүлзүйгээс угшилтай гэдгийг мэдэх тул эс дурдая. Өнөөдөр ахмад сэтгүүлчдийн дийлэнх нь халаагаа залуу сэтгүүлчдэд өгчээ.
Зарим хүмүүс сэтгүүлч, сурвалжлагчдад таатай бус хандаж, хатуу үгээр шүүмжлэх нь тааралддаг. Чөлөөт сэтгүүлзүй байхгүй бол, чөлөөт сэтгүүлчид нийгэм тэр чигээрээ таг сохор шүү. Монголд чөлөөт сэтгүүлзүйг бий болгоход бүх талаараа үлгэрлэсэн Ц.Дашдондов гуай “Чөлөөт сэтгүүлзүй бол Засгийн газар руу чиглүүлсэн прожектор” гэж хэлсэн, бас бус ч тийм утгатай зүйлийг хэлдэг. Үнэхээр тэрхүү хурц гэрэлд нууцлагдсан бүхэн тов тодорхой харагдах ёстой. Тэртээ холуур, харь хамаагүй өнгөрөх аюулт галыг өөр дээрээ авдаг, амь нас баталгаагүй хүмүүс бол сэтгүүлчид мөнөөсөө мөн. Дэлхийн хамгийн осолтой мэргэжилд уурхайчин, онгоц туршин нисгэгч, сэтгүүлч хэмээн дурдсан байдаг Одоо өөр болсон байж магад…ер нь л аюултай. Намайг сэтгүүлзүйн салбарт ажиллаж байхад дэлхийн хэмжээнд жил бүр 70,80 сэтгүүлч халдлагад өртөж, амь насаа алддаг гэх албан мэдээлэл ирдэг байсан. Шударга бусын төлөөл тэмцэгчид, ззнд амьдралаа зориулагсад тэр улаан гал руу итгэл үнэмшлээрээ дайран орж, авилга хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, бүх муу муухайг илчилснээрээ наад зах нь гүтгүүлж доромжлуулж, дайрч давшлуулж, сэтгэл санааны дайралтад өртсөөр байдаг, байгаа ч…”Сэтгүүл зүйгүй нэг өдөр”ийг явуулж туршсан тухай мэдээлэл бий. Ингэхэд, эсэн бусын худал үнэн мэдээлэл авдаг ердийн үеэсээ бүр ч илүүгээр нийгэмд хурц хямрал, гэмт үйлдэл ихэссэнийг сэтгэлзүйчид тогтоожээ. “Өнөөдөр ард түмнээрээ бүгдээрээ сэтгүүлчид болсон” гэж цахим хэрэгслүүр хөгжсөн үеийн твитер, нүүр ном, онлайн, “Clubhouse” мэтээр төсөөлж хэлдэг. Тийм ч биз, үгүй ч биз. Үүнийг бүгдийг тэр чигээр нь ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ” гэж андуурч будлиулж болохгүй. Энэ гайхалтай, хосгүй боломжийг үнэхээр мэргэжлийн гэхээр, иргэний сэтгүүлзүй, нийтлэл зүй болгон ашигладаг оюунлаг, гэгээлэг, урьдчилан харагч сэхээтэн, манлайлагчид олон бий. Өнөөдрийг тэдний үг л гэрэлтүүлж байна. Үүний хажуугаар лааны гэрэлд эргэлдэгч эрвээхэй шиг нийгмийн оюун санаа, нийгмийг харилцааг хордуулагч, алдарт хүмүүсийн ариун нэр төрийг гутаагч, атгаг санаатнууд, улс орныхоо нэр төрийг шавар шавхайд хутгагч, хов живийн тулам, худал цуу тараагч, үнэнийг үгүйсгэгч, ичгүүргүй увайгүйчүүд, өдөөн хатгагч, муухай бүхний донтонгууд, оюун санааны хомс гажигтангууд, гутамшигт гүтгэгч, үнэмшлийг гутаан сөнөөгчид, дур зоргоороо авирлагчид хэдэн зуугаараа НҮҮР НОМД шөнийн сарьсан багваахай шиг дүүжлэгдэн үүрлэснийг өдөр бүр, цаг, минут тутам харж байна. Энэ бол оюун санааны сүйрэл… “ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ” бишээ. ИРГЭНИЙ СЭТГҮҮЛЗҮЙ гэдэг нь мэргэжлийн сэтгүүлзүй биш ч гэлээ, мэргэжлийн сэтггүүлзүйд зэргэлдээ орших үнэмшилтэй, ёс зүйтэй, үнэн шударга, ихэнх үед мэргэжлийн сэтгүүлчдээс хамаагүй илүүг амьдрал дундаа- саа олж харсан тэр амьд сэтгүүлзүйг, иргэний дуу хоолойг хэлнэ.
Манай мэргэжлийн сэтгүүлчдийн дотор ч хэн нь хэн бэ? гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ. Асар их хөгжлийг авчраад, шинийг зоригтой эхлүүлээд алдаж яваа чиний өстөн, дайсан байсан ч дайсагнаж болохгүй. Сэтгүүлчийн үзэг, микрофон бол заримдаа аймшигт зэвсэг болдог. Үгээр хүнийг үхүүлж болно, үгээр хүнийг аварч болно. Бидний үед ХАРИУЦЛАГАТАЙ СЭТГҮҮЛЗҮЙ -г маш өндөрт тавьж байсан. Ерөөс аливаад хариуцлагагүй бол юу ч биш. “ХАРИУЦЛАГАТАЙ МОНГОЛ ХҮН” “САЙХАН МОНГОЛ ХҮН” “САЙХАН МОНГОЛ ОРОН” гэж дэлхийд үнэлэгдсэн цагт л манай орны хөгжил цэцэглэлтийн итгэлцүүрийн хаалга үүд нээгдэнэ. Дэлхий нүдээ аниад л барагтайд Япон оронд итгэдэг, бас ялаагүй барагтай япон хүмүүст…
“Захиалгын, мөнгөний, хөлсний сэтгүүлчид” бий шүү, нуух юмгүй. Харин нийгмийн хог шаарыг арчигч, цэвэрлэгч, титэмгүй хаад шиг эр зоригт, шударга үнэнч, туйлбартай ЭРЭН СУРВАЛЖЛАГЧИД олноор төрөх болтугай гэдгийг ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨР хүсэн ерөөе. “Галт уул дэлбэрэхээс арван минутын өмнө сэтгүүлчид газар дээр нь очих ёстой” гэсэн наргиантай ч юм шиг үг бий. Ийм юм гэж хаа байсан юм бэ? гэж захын хүн хэлнэ. Гэвч энэ бол алив бусармаг үйлийг үнэрлэх чадвар, хосгүй нарийн мэдрэмжээр танадах авьяас билэг, урьдчилан харах зөнч чанар гэж болно. Манай сэтгүүлзүйн сайхныг, сайныг, сортоотойг, үлгэрлэгчийг, шинэчлэгчийг, амь хайргүй тэмцэгчийг тоочвол барагдашгүй ихээ. ШИНЭ СЭТГҮҮЛЗҮЙ – шинэ үедээ найдлага тавьж байна, тэгэхээс өөр аргагүй. Чиний үе солигдож дараа үе ирнэ. Тэгэхэд нүүр бардам байх ёстой.
Сэтгүүлч, зохиолч Д.Цэнджав
2021. 05. 02
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x