"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Таван байршилд шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байна

0

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал,

  1. Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай
  2. Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2021 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний танилцуулга
  3. Өглөөний Улаанбаатар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай
  4. Хөгжлийн үүд төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийн танилцуулга зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Дулааны шугам, сүлжээний 21 байршилд засвар, шинэчлэл хийнэ

Хурлын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Улаанбаатар хотод 2020-2021 оны өвөл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай мэдээллийг хүргэлээ. Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсанд 2020-2021 онд 39.510 санал, гомдол иржээ. Үүнээс халаалттай холбоотой 700, халуун устай холбоотой 193, ус хангамжтай холбоотой 152, ариутгал татуургатай холбоотой 123, цахилгаан хангамжтай холбоотой 1247 гомдол ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн үзүүлэлт аж.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотод дулаан хангамжийн шугам тоноглолд 2021 оны зун хийх засварын ажлын график, төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байгаа. Дулааны гол шугам, сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 21 байршилд шугам, сүлжээний засвар, шинэчлэл, шахалтын ажил хийхээр төлөвлөсөн. Дулааны шугамын зогсолтын графикт хугацаатай уялдуулан инженерийн хангамжийн байгууллагууд их, урсгал засварын ажлуудаа хийж гүйцэтгэсэн” гэдгийг  хэлсэн.  2020-2021 оны өвлийн их ачааллын үед давхардсан тоогоор 35.926 шугам тоноглолд ээлжит болон ээлжит бус үзлэг хийн, 1082 зөрчил илрүүлэн бүрэн арилгажээ.

Улаанбаатар хотын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах их болон урсгал засварын ажлын хүрээнд Цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа газрууд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мөн инженерийн хангамжийн байгууллагууд болон бусад холбогдох газруудын хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг гаргаж, 2021 оны батлагдсан төсвийн хүрээнд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжилтэд хяналт  тавьж, 2021 оны есдүгээр сарын 1-ний дотор зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Туул голын эрэг дагуу 15 эргүүл ажиллуулна

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө  танилцууллаа. Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн 1, 2 дугаар үе шат зуухны бүртгэл, хяналтын тогтолцооны маягтыг боловсруулан, мэдээллийн сан үүсгэжээ. Түүнд тулгуурлан жил бүр тооллого хийх эрх зүйн баримт бичиг боловсруулсан, хэмжилтийн иж бүрэн багаж, тоног төхөөрөмж нийлүүлсэн, агаарын чанарын хэмжилтийн суурин харуулын мэдээг тухай бүр www.agaar.mn цахим хуудсаар мэдээлдэг болсон. Түүнчлэн агаарын чанарын хэмжилтийн иж бүрэн суурин харуул нийлүүлсэн зэрэг үр дүнтэй ажиллаж байгааг танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун бүсийн сайжруулсан түлшний үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах Зүүн бүсийн үйлдвэр рүү нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллах юм. Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор дүүрэг бүрд 10 мянган тонноос багагүй сайжруулсан түлшийг таваас есдүгээр саруудад нөөцөлж, сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх ажлыг дүүргүүдийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулна. Туул гол дагуу улирлын чанартай, урамшуулалт орон тооны бус 15 эргүүл ажиллуулж, хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх юм.

Өглөөний жишиг гудамж байгуулна

“Өглөөний Улаанбаатар” төсөл,  хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин танилцуулсан. “Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06:00-09:00 цагийн хооронд төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Төсөл хэрэгжүүлснээр иргэд “Өглөөний гудамж”-аар үйлчлүүлэхдээ үнэгүй WiFi-тай орчинд төрийн үйлчилгээний мэдээлэл авах, автомашиныг хязгаарлаж, дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах, сургалт, уулзалт зохион байгуулах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх боломжтой байхаар төлөвлөж байгааг танилцуулсан. Гаднын улс оронд олон үйлчилгээ үзүүлдэг томоохон гудамжнууд байдаг. Тэдгээрийн жишгээр нийслэлд Өглөөний гудамж байгуулж, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгож, “Өглөөний Улаанбаатар” төслийг дахин шинэчлүүлэхээр буцаав.

Таван суурьшлын бүсийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлнэ

Баянзүрх дүүргийн 11-р хороо Хонхор орчим, Налайх дүүргийн 1, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс байгуулах санал гаргаад байгаа. Жишиг суурьшлын бүсийн зорилго нь ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хот байгуулалтын бодлоготой хослуулсан, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, ухаалаг амьдралыг хэвшүүлсэн, ажлын байртай, амьдрахад таатай орчин бүрдүүлэх юм. Налайх дүүрэгт байгуулах шинэ суурьшлын бүсийн нутаг дэвсгэрт 4.725 өрхийн 16.065 хүн ам байнга оршин сууна. Төслийн хүрээнд 6400 ажлын байр бий болгохоор төлөвлөөд байна. Шинэ суурьшлын бүсэд 900 мянган төгрөгөөс дээш орлоготой иргэд хамрагдах боломжтой бөгөөд санал асуулгад оролцсон иргэдийн 54.1 хувь нь боломжтой гэсэн хариу өгчээ.

Шинэ суурьшлын бүсийг нийт таван газар байгуулахаар төлөвлөж байгаа. Газруудыг нарийвчлан судлах үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өглөө. Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x