"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

“Эрдэнэс Тавантолгой” компани 1072 хувьцаанд ногдол ашиг ТАРААХГҮЙ

0

“Эрдэнэс-тавантолгой” ХК-иас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийж, 2019 оны эхний улирлын үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар;

Нүүрс олборлолт- 4,2 сая тонн

Нүүрс экспорт – 2,4 сая тонн

Борлуулалтын орлого- 741 тэрбум төгрөг

Улсын төсөвт- 193,5 тэрбум төгрөг

Цэвэр ашиг – 304 тэрбум төгрөг байна.

2018 онд тус компани 11 сая тонн нүүрс олборлож, 13 сая тонн нүүрс экспортлон, 1,99 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 807,6 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллан, улсын төсөвт 478,8 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж, дотоодын бүхий л аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн үзүүлэлтүүдээрээ тэргүүлсэн талаар мэдээлж байсан юм. Ерөнхий тоон дүнгээр нь авч үзвэл ЭТТ компани улсын эдийн засагт 1,16 их наяд төгрөгийн хувь нэмэр оруулж, ДНБ-ний болон төсвийн татварын орлогын 6 хувийг дангаараа бүрдүүлэн ажиллажээ.

Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу компанийн ТУЗ-өөс 2018 оны цэвэр ашгаар дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүд, тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, Нүүрс баяжуулах үйлдвэр, Усан хангамж, Конвейрийн систем, Хими технологийн үйлдвэр, Цахилгаан станц зэрэг төслүүдийн анхны хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхтэй холбоотойгоор компани төсөвтөө тодотгол хийж, оффисын барилга, автомашин, компьютер тоног төхөөрөмж худалдан авах зэрэг хөрөнгө оруулалтын зардлуудаа 400 гаруй тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэрийг гаргасан байна.

УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу олон улсад IPO гаргах бэлтгэл эрчимтэй хийгдэж байгаа бөгөөд тендерийн хуультай холбоотойгоор олон улсын зөвлөх шалгаруулж авах зарим ажил түр хойшлогдсон ч мэдээллийн нэгдсэн бааз үүсгэх, бичиг баримт боловсруулалт, гүйцэтгэлийн бусад ажлууд өндөр хувьтай байгаа талаар мэдээллээ.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр өуюу маргааш компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаан болно. Тус хурлаар 2018 оны ажлын үр дүнг танилцуулна.

“ЭТТ” ХК-ийн ТУЗ-өөс дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх хүрээнд 2018 онд баталсан 2019 оны төсвийн тодотголыг хийсэн. Үүний хүрээнд төсөл хөтөлбөрүүдэд 480 тэрбум төгрөгийн зарцуулахаар төлөвлөж байсан бол 397 тэрбум төгрөгийг танаж, 83 тэрбум төгрөгийн санхүүжилтийг үлдээсэн. Өөрөөр хэлбэл, нийтдээ 600 орчим тэрбум төгрөгийг танасан. Үүнд, компьютер, тоног төхөөрөмж, тавилгаас 4.5 тэрбум төгрөг, машин техник төхөөрөмжөөс 78.2 тэрбум, IPO зөвлөх үйлчилгээнээс 232.9 тэрбум, барилга, байгууламж худалдан авахаас 47.5 тэрбум, программ хангамжаас 34.4 тэрбум төгрөгийг тус тус хассан.

Таван чиглэлээр төслүүдээ хэрэгжүүлнэ.

  1. Одоогийн олборлолтын хүчин чадлыг дээд цэгт нь хүргэнэ.
  2. Боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 30 сая тонн-д хүргэнэ.
  3. Төмөр зам, автозамыг 60 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болгоно.
  4. Хими, технологийн үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
  5. Цахилгаан станцыг байгуулна.

Иймд 2018 оны цэвэр ашгаас 1072 хувьцааны ногдол ашиг ТАРААХГҮЙ байхаар ТУЗ-ийн шийдвэр гарсан” байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x