"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

ҮГЭЭР “АЛГАДДАГ” ИХ ГҮҮШ

0
” Хүн өвдчихөөд байхад тэр нэг юм хаагуур яваад байгаа юм бол. Утсаар ч ярьчихгүй” гэж тунирхан суугаа эрхэм бол Их Гүүш Жигжидсүрэнгийн Нэргүй ах маань.
Сэтгүүл зүйн салбарын буянаар олон сайхан оюун санааны түүчээ нарын үгийг сонсч, авьяасыг нь биширч явдаг.
1995 онд ” Ил товчоо” сонинд дадлага хийж, их бичгийн хүмүүстэй сонины гал тогоонд таарах хувь тохиол байсны нэг нь энэ юм.
Манай сонины Ерөнхий эрхлэгчээр Монголын зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г. Аким гуай, одоо Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л. Энх- Амгалан ах сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж. Нэргүй ах маань сонины гадаад, дотоод мэдээний ерөнхий редактораар ажиллаж байв.
Тухайн үед” Ил товчоо “сонинг Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн хавтан дээр үсэг өрж хэвлүүлдэг байв. Хэвлэх үйлдвэрийн тостой хавтантай зууралдаж байгаад алдаа оноогоо засдаг байсан гэсэн үг л дээ.
Ийм ажлыг хийхдээ Ж. Нэргүй ах намайг байнга дагуулж явна. Ах нь чамайг сайн сэтгүүлч болгоноо л гэнэ. Манай дээд үеийнхэн биднийг их бэлтгэдэг байсан. Ингэхдээ магтаалын үг хэлнэ гэж ёстой байхгүй. Хэчнээн хичээсэн ч ай даа яаж сэтгүүлч болно доо. Унш, судал, эх сурвалжаа сайн нягтал гэж байнга захина. Хааяа халамцуухан үедээ чи ч уг нь хөл хурдтай. Сэтгүүлч хүн хөлөөрөө хоол олж иддэг юм. Энэ хурдаа битгий алдаарай гэж хэлнэ. Энд тэнд сурвалжилгад дагуулж явахдаа миний шавь гэнэ. Ийм том хүний шавь гэж юу байдгийн нэг ч мэдээ орчуулж үзээгүй, дотоод мэдээнийхээ учрыг ч олохгүй онхолдож яваа надад. Дуугүй л сонсоод нүд рүү нь эгцэлж харахаас эмээнэ. Дараа нь бид хоёр” Зууны мэдээ ” сонинд дахин хамтарч ажиллалаа. Мөн л миний муу шавь гэж хошуу дэвсэх хэдий ч чи мөн түүхийгээрээ байна аа. Япон явсан гэл үү, хэлийг нь сураад ирэхгүй яах гэж тийшээ явсан гэж хатуухан зэмлэж билээ. Түүнийхээ араас хэл сурах дургүй юм бол ядаж гадаад мэдээний орчуулга, үг өгүүлбэрийнх нь байрлалыг тогтож уншиж бай гэж сургасан.
Түүнээс хойш олон жил өнгөрсөн ч байнга холбоотой байж номын баярт очихдоо заавал Ж. Нэргүй ахынхаа асрыг зорьж шинэ номыг худалдаж авдаг юм.
“Их мөрөн дөлгөөн, эрдэмтэй хүн даруу ” гэдэг үг яг л энэ эрхэмд тохирно.
Ж. Нэргүй ах маань Орос, Америк, Польш, Итали, Герман, франц зэрэг олон орны зохиолч, яруу найрагч, нийтлэлч, сэтгэгчдийн 30 гаруй бүтээлийг Монгол хэлнээ орчуулсан байдаг юм. Нэрт Гүүш маань Польшийн Фердинанд Оссендовский, Оросын Эдуард Теполь, Владимир Высоцкий,Михаил Велер, Владимир Войнович нар болон Иракийн Ерөнхийлөгч агсан Саддам Хусейний бүтээлийг Монгол хэлээр анх удаа хэвлүүлсэн билээ.
Мөн Оросын зохиолч Эдуард Теполийн ” Кремлийн эзэгтэй” , Польшийн зохиолч Фердинанд Оссендовскийн ” Хүн, араатан бурхад” аян замын бодрол тэмдэглэлийг орчуулж олны хүртээл болгосон юм.
” Хүн, араатан бурхад” ном нь 2000 оноос зургаан удаа хэвлэгдэж , шилдэг орчуулгын төрлийг манлайлсан юм. Үүнээс гадна маш олон орчуулгын номыг монгол үгсийн арвин баялгаар баяжуулж хойч ирээдүйд оюуны том хөрөнгө оруулалт хийж яваа Их Гүүш билээ.
Салбарын томчууд Ж.Нэргүй ахын гадаад орчуулгыг Монгол ухаанаар урлаж, хээ хуар хатган урладаг авьяас төгөлдөр бичгийн хүн хэмээн бахархдаг. Өчүүхэн миний хувьд “Кремлийн эзэгтэй”, “Хүн, араатан бурхад” номыг уншаад ямар сайхан амттай орчуулаа вэ, зүгээр” Монгол ” үгээр алгадаад явчихсан байна даа гэж шагширсан билээ.
Гайхалтай, авьяасын охь болсон Эрхэм Гүүш ахдаа эрүүл энхийг хүсч, хурдан хөл дээрээ босохыг хичээнгүйлэн хүсье.
Та намайг хурдан хөлтэй гээд байсан, та өөрөө дэлхийн оюуны далайг зуучилдаг тийм хурдан хөлтэй эрхэм шүү. Хичээгээрэй ах минь. Хамтдаа гүйе.
ЯПОН УЛС.
ОСАКА ХОТ.
Сэтгүүлч В. Сарантуяа
2022.11. 10 өдөр
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x