"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

ҮСХ: Цар тахлын үеэр ядуурал буурсан нь Засгийн Газрын гавьяа

1

Асуудлаар дүүрэн Монгол Улсад үргэлж гэгээлэг мэдээ түгээдэг Үндэсний статистикийн хороо хэмээх нэг төрийн байгууллага байдаг. Тус хорооны мэдээллээр энэ оны нэгдүгээр улирлын байдлаар манай улсын иргэд дунджаар 1.3 сая төгрөгийн цалин авчээ. Монголчууд жил бүр дунджаар нэг сая гаруй төгрөгийн цалин авдаг. Харамсалтай нь бид өөрсдөө үүнийгээ мэддэггүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байна. Гэвч ихэнх иргэний цалин хуулиар тогтоосон энэ доод хэмжээнд хүрдэггүй. Учир шалтгааныг нь Монгол Улсын статистик мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрхлэн гаргах эрхэм зорилготой Үндэсний статистикийн хорооныхон л мэдэж байгаа болов уу. Тус байгууллага хэрэглэгчдийг чанартай тоон мэдээллээр хангаж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэрийн залгамжийг тасралтгүй хадгалан, статистикийн чадавхаараа дэлхийд тэргүүлэх алсын хараатай. Тиймээс худал мэдээллийг иргэддээ өгдөггүй гэж найдаж болох биз.

2020 онд ядуурлын түвшин 4.8 пунктээр буурчээ

сонин mn

 

Цар тахлаас үүдсэн хөл хорио, ажилгүйдлийг нэмэгдүүлж, бизнесүүд дампуурч, ядуурал нэмэгдэж байгааг дэлхийн олон орон зарлаж байхад Монгол Улсад ядуурал буурсан гэсэн хачирхалтай  судалгааг Үндэсний статистикийн хороо танилцуулав.

Цар тахлаас үүдсэн хөл хорио, ажилгүйдлийг нэмэгдүүлж, бизнесүүд дампуурч, ядуурал нэмэгдэж байгааг дэлхийн олон орон зарлаж байхад эсрэгээрээ Монгол Улсад ядуурал буурсан гэсэн хачирхалтай  судалгааг Үндэсний статистикийн хороо танилцуулав. Тодруулбал, Монгол Улсад анх удаа НӨАТ-ын цахим бүртгэлийн их өгөгдөл ашиглан COVID-19 цар тахал дэгдсэн 2020 оны өрхийн зарлага, ядуурал, өрхийн тэгш бус байдлыг судалжээ. Судалгаагаар 2020 онд өрхүүдийн зарлага өссөн ч ядуурлын түвшин 4.8 пунктээр буурсан байна. Ялангуяа, хөл хорио тогтоосон I, IV улиралд өрхийн хэрэглээ улсын хэмжээнд буурчээ. Ингэхдээ зарлага буурч, ядуурлын түвшин тодорхой хэмжээнд доошилсныг Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хэд хэдэн удаагийн багц арга хэмжээний нөлөө хэмээн үзжээ. Цар тахлын үеэр монголчууд “сайн” Засгийн газрынхаа гавьяагаар ядуурлыг бууруулсан хэмээн дэлхий одоо биднийг магтах нь зайлшгүй. Засгийн газрынхаа зарим гавьяанаас дурдвал сар бүр хүүхдэд  олгодог мөнгөн тэтгэмж 20 мянга байсныг өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн 100 мянга болгож нэмэгдүүлсэн. Мөн ядуу өрхүүдэд олгодог хүнсний талон 18 мянга байсныг 36 мянга  болгон нэмэгдүүлэхээс гадна төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрийг гаргасан хэмээн Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Гэхдээ эдгээр арга хэмжээ улсын гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлж өрийн тогтворгүй байдал руу оруулсныг ч мөн судалгаанд дурдсан байна.

Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн  байдал муудсан ч хүн амын хэрэглээг өнгөрсөн жилтэй харьцуулахад 2020 оны хатуу хөл хорио тогтоосон цөөхөн саруудад л буурчээ. Хүн амыг хэрэглээний түвшингээр нь таван тэнцүү бүлэгт хувааж дүн шинжилгээ хийхэд  хамгийн ядуу 20 хувийнх нь хэрэглээнд цар тахлын хямрал онцгой нөлөөлсөн гэсэн дүн гарчээ. Тухайлбал, эхний хөл хорио (1-3 дугаар сар) нь хамгийн ядуу хоёр бүлгийн айл өрхүүдэд илүү хүндээр туссан бол хоёр дахь удаагийн хөл хорионы үеэр (11-12 дугаар сар) эдгээр бүлгийн зарлага  гурав, дөрөв дэх бүлгийнхтэй харьцуулахад харьцангуй бага хэмжээгээр буурсан байна. Хоёр дахь удаагийн хөл хорио хүн амын зарлагад эхний хөл хорионы үеийнхээс илүү хүнд нөлөөлсөн бөгөөд нийгмийн халамжийн дэмжлэгийг нэмэгдүүлээгүй бол ядуу өрхүүдэд илүү хүнд тусахаар байсан гэв.

Үүнээс гадна өнгөрсөн оны эхэн үеэс гадаад худалдаанаас хамааралтай эдийн засгийн үйл ажиллагаанууд зогсонги байдалд орсон ч дотоодын эдийн засгийн үйл ажиллагаа 2020 оны ихэнх хугацаанд ердийн байдлаараа өрнөж байсан аж. Өрхүүдийн 2020 оны зарлага 2019 оныхоос өндөр байгаа. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн төсвийн дэмжлэгийн томоохон арга хэмжээний үр дүнд ядуурал, тэгш бус байдал буурч, дотоодод халдвар дэгдэх үе хүртэл эдийн засгийн зарим үйл ажиллагаа тасалдаагүй гэв. Гэхдээ нийгмийн хамгааллын арга хэмжээнүүд нь хатуу хөл хорионы уршгаар хүн амын хэрэглээнд учрах сөрөг нөлөөллийг даван туулахад хангалттай бус байсан гэж судалгаагаар дүгнэжээ.

НҮБХХ, ҮСХ нь Монгол Улсын их сургууль, Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв гэсэн байгууллагатай хамтарч Нэмэгдсэн өртгийн албан татварын цахим төлбөрийн бүртгэлийн системийн их өгөгдлийг ашиглан 2020 онд Монгол Улсын хүн амын хэрэглээ, ядуурал, тэгш бус байдалд цар тахлын хямрал хэрхэн нөлөөлж байгааг судлах туршилтын судалгаа хийсэн нь энэ юм. ҮСХ-ны дарга Б.Батдаваа “Энэ төсөл нь мэдээлэл, технологи хөгжсөн өнөө үед цаг хугацаа хэмнэх шинэлэг арга зүй, аргачлалыг боловсруулах, сайжруулах, уламжлалт бус мэдээллийн эх үүсвэрийг ашиглах чиглэлээр Монгол Улсад хэрэгжсэн анхны томоохон төсөл байсан. Цаашид НӨАТ-ын цахим төлбөрийн бүртгэлийн системийг ашиглан хүн амын хэрэглээ, ядуурал, тэгш бус байдалд гарч буй өөрчлөлтийг илүү шуурхай тооцож, хянах боломж бүрдэж байна” гэв.

Энэ удаагийн судалгаа Үндэсний статистикийн хорооны “баг”-ыг хуулж хаялаа. Учир нь цар тахлаас үүдсэн хөл хорионы үеэр олон бизнес дампуурч, иргэдийн орлого тасалдаж туйлдаа хүрч жагсаал зохион байгуулсан удаа бий. Гэтэл Засгийн газрын мөнгөн тусламжийн ачаар ядуурал буурсан гэсэн судалгааны дүн танилцуулж байгаа Үндэсний статистикийн хороонд бид цаашид итгэсээр л байх уу. Тус хорооныхны хувьд Монголын бодит байдал ямар байх нь бус бодит байдлыг илүү сайнаар, илүү гэгээлгээр мэдээлэх нь гол зорилго нь байдаг. Тиймээс Үндэсний статистикийн хорооноос гаргаж буй мэдээлэл, судалгаанд нухацтай хандаж байхыг сануулъя. Ер нь тэгээд ч төрөөс хараат байгууллага эргээд төрийн үйл ажиллагаагаа шүүмжлэх эрх байхгүй. Тиймээс төрөөс хараат бусаар судалгаа явуулдаг, нийгмийн бодит байдал болоод иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг судалж, чин үнэнээр нь “хачир”-гүй мэдээлэх байгууллага манай улсад нэн тэргүүнд шаардлагатай байгаа юм. Үгүй бол бид эрхэм зорилго болоод алсын хараанаасаа “урвасан” Үндэсний статистикийн хорооноос өгсөн “өгөөш”-нд автаж, худал мэдээллээр тархиа угаалгасаар байх нь ээ….

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
Alexandr
Alexandr
28 өдрийн өмнө

How he makes $300 per day – https://bit.ly/3mOAfVp

1
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x