Ц.Магалжав: Бөхчүүд 4-5 хүчний дасгалжуулагч гэх багшийн дор бэлтгэл хийх үед допингийн хориотой эм бэлдмэл илэрч байсан

Ц.Магалжав: Бөхчүүд 4-5 хүчний дасгалжуулагч гэх багшийн дор бэлтгэл хийх үед допингийн хориотой эм бэлдмэл илэрч байсан

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шүгэл ажиллагаа"-ны ажлын хэсгээс "Допинг ба спортын авлига" нээлттэй хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт АТГ, Монголын үндэсний олимпын хороо, Монгол үндэсний спортын арбитрын холбоо, "Монгол үндэсний бөхийн холбоо" ТББ, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага гэсэн салбарын төлөөллүүд оролцов. 

Энэ үеэр "Монгол үндэсний бөхийн холбоо" ТББ-ын тэргүүн Ц.Магалжав үндэсний бөхөд тулгарч буй асуудлын талаар илтгэл танилцууллаа. 

Тэрбээр "Дэлхий нийтээрээ допингийн эсрэг алхаж байгаа. Допингийн шинжилгээг өмнө нь шөвгөрсөн бөхчүүдээс авдаг байсныг дөрөв давсан буюу 64 бөхөөс авдаг болгосон. 

Тус шинжилгээний зардлыг баяр наадмын үед үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо улсаас, үлдсэнийг нь бөхийн холбоо хувиасаа гаргадаг. Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага 350 орчим доллароор тус шинжилгээг авдаг. 

Өнөөдрийн байдлаар заал танхим, үндэсний баяр наадам, явцын гэх мэтээр нийт 517 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Үүнээс 43 бөх допингийн зөрчил гаргасан.

Дээрх 43 тохиолдлыг дүгнэвэл нэг бөх амьсгалын замын эмчилгээнд хэрэглэх бодис, гурван бөхөөс бодисын солилцоог идэвхжүүлэгч, үлдсэн 39 бөхөөс булчингийн масс нэмэгдүүлэгч анаболик стеройд хэрэглэсэн нь тогтоогдсон. 

Булчингийн массыг нэмэгдүүлэх стеройдоос гадна бэртэж гэмтсэн үедээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахгүйгээр хүчтэй эм бэлдмэл хэрэглэснээ цөөнгүй бөхчүүд тайлбарлаж байна. Энэ нь допингийн талаар мэдлэг дутуу байгаатай холбоотой.

Бөхчүүдийн хүчний дасгалжуулагч гэж нэрлэсэн хүмүүс хориотой эм бэлдмэлд уруу татаж байгаа гэсэн мэдээлэл бөхийн холбоонд байнга ирдэг. Энэ нь үндэслэлтэй байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, допингийн зөрчил гаргасан дээрх 43 бөх хүчний гэх 4-5 багшийн удирдлагад бэлтгэл хийж байсан. Хичээллэх үед тэднээс допингийн хориотой эм бэлдмэл илэрсэн.

2022 оны хоёрдугаар сард допингийн зөрчилд нэр холбогдсон багш нарыг шалгах, заал танхимыг битүүмжилж шалгах талаар ЦЕГ-ын дарга Ж.Болдод албан хүсэлт гаргасан.

Харамсалтай нь дээрх албан хүсэлтийг эрүүгийн цагдаагийн газар шалгах бус Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст дасгалжуулагчдыг дуудан шалгаж, байцаалт авч ямар нэгэн зөрчил илрээгүй гэсэн бичгийг манай холбоонд ирүүлсэн" хэмээн ярилаа. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна