Х.Хэрлэн: УБТЗ ХНН-ийн эзэмшлийн замын 50 хувь, хөдлөх бүрэлдэхүүний 70 хувийнх нь насжилт дууссан

Х.Хэрлэн: УБТЗ ХНН-ийн эзэмшлийн замын 50 хувь, хөдлөх бүрэлдэхүүний 70 хувийнх нь насжилт дууссан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаарх ЗТХ-ийн сайд С.Бямбацогтийн мэдээллийг сонслоо.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогтын өгсөн мэдээллийг тоймловол:

  • Захиалгат тээвэр буюу аялал жуулчлалын зорилгоор зорчих зорчигч тээвэрлэлтийг наймаас дээд суудалтай тээврийн хэрэгслээр Бээжин, Хөх хот болон бусад хот руу хийх боломжтой болсон.

  • ХБНГУ, Гүрж, Узбекистан улсуудтай авто тээврийн хэлэлцээр байгуулна.

  • БНХАУ-ын Эрээн, Өрөмч рүү суудлын автомашинаар зорчих боломжийг нээнэ.

  • Гашуунсухайтын боомтод жилд 10 сая тонн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай терминал, жолоочгүй автомат удирдлагатай тээврийг нэвтрүүлж өдөрт 320 гаруй чингэлэг экспортолж байна.

  • Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал ашиглалтад орууллаа.

  • Цар тахлын үетэй харьцуулахад тээврийн зардал найм дахин буурсан.

  • АНУ, Австрали руу шууд нислэгтэй болно.

  • Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замыг шинэчлэн засварлаж, Чойбалсан-Хөөт-Бичигт-Зүүнхатавч төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж байна. Энэ чиглэлээр төмөр замын зүүн коридорыг байгуулж, Европ-Азийг холбоно.

  • Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн төмөр замыг барина.

  • Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлнэ. Шивээхүрэн-Сэхэ төмөр замын барилгын ажлыг тавдугаар сард эхлүүлсэн, ирэх арваннэгдүгээр сард дуусгана. Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомтыг холбох төсөл мөн эхэлсэн.

  • Богтхан төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж ОХУ-ын талд хүргүүлсэн. Хөрөнгө оруулалтыг ОХУ-тай хэлэлцэж байна.

Үүний дараа гишүүдийн асуултад хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл: Төмөр зам барилаа л гээд байгаа боловч төмөр замууд мухар байна. Борлуулалт хийдэг, ашиг олдог, ажил хийдэг зүйлийг хөрөнгө оруулалт хийдэг. Үүнийг хийхгүй бол хоосон зардал. Хэзээнээс энэ замууд ажиллаж ашгаа өгөх вэ?

УБТЗ ХНН гэж газар 50 жилийн өмнөх хэвээрээ байна. Солонгосчууд ирж хуучин нийгмийн кино зураг авдаг, төмөр зам дээрээ өтгөн шингэнээ асгадаг хэвээр. Энд хэзээ ахиц дэвшил гарах вэ. 50 жил байрандаа л байгаад байдаг бизнес гэж байж болох уу. УБТЗ ХНН ямар ямар татвар төлөхгүй байгаа вэ. ТӨХК-ийн хувьд ямар ашиг олж байна вэ. УБТЗ ХНН тарифын хөнгөлөлд хамрагддаг гэдэг. Үүнээс манайх хожиж чадаж байна уу, байхгүй л гэж яригдаад байх юм. УБТЗ ХНН-ийн өр зээл хэр байна вэ?

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт: Олон төмөр зам барьсан ч хилээр гарахгүй, тээвэр хийхгүй байгаа нь үнэн. Гашуунсухайт-Ганцмодын замын бүтээн байгуулалт ирэх онд эхэлнэ. Цаашид Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал гэсэн холболтын төмөр замыг барина. Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 20 км урттай нарийн царигийн төмөр замын барилгын ажил эхэлсэн. Хэдийгээр барьсан төмөр зам хилээр гарахгүй байгаа ч гэсэн экспортын ачаа тээвэрлэж байгаа.

УБТЗ ХНН-ийн 1949 оны хэлэлцээрт олон жил ярьж байж өөрчлөлт оруулсан. Энэ үеэр 200 тэрбумын өр тэглэж, таван зүтгүүр нийлүүлэхээр болсон. УБТЗ олон ачааг үүрч яваа том байгууллага. УБТЗ тариф нэмчихвэл эрчим хүчний үнэ, хүнсний бүтээгдэхүүн, шатахууны үнэ өснө гэж олон жил тариф барьсан юм билээ. Ингээд бид алдагдалтай ажиллаж чадахгүй гээд үе шаттай тариф нэмсэн. Гэхдээ үнэ нэмэгдэхгүй байгаа. Үндсэндээ худал айдас бий болгосон байгаа юм.

УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн: УБТЗ ХНН дөрвөн сая орчим тонн ачаа тээвэрлэдэг. Үүнээс 2022 онд 40 тэрбум төгрөгийн ашиг олсон. Энэ бол түүхэн дэх хамгийн дээд ашиг юм. энэ жил хүлээгдэж буй гүйцэтгэлээр 72 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахаар байна.

Хөнгөлөлтийн тухайд дамжин өнгөрч буй тээвэр хоёр талдаа 50:50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Хөнгөлөлтийг багасгахад талууд хамтран ажиллаж байна. Үүнийг үе шаттай багасгаж, байхгүй болгоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Нэг санаа зовж буй зүйл нь баруун болон зүүн дамжин өнгөрөх тээвэрт ачаагаа алдах вий гэсэн болгоомжлол бий. Гэхдээ энэ ажлыг бид хөөцөлдөж байна, ойрын хугацаанд тодорхой болох байх. 1949 оны хэлэлцээрээс бид аливаа татвараас чөлөөлөгдсөн, Монгол Улсад татвар төлдөггүй.

Манай замын 50 орчим хувь нь, хөдлөх бүрэлдэхүүний 70 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна. Иймээс бид 2030 он хүртэлх хөтөлбөрийн дагуу зам болон хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхээр тусгасан.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна