Чуулган: Архидалт, ядуурал, нийгмийн асуудлыг шийдэхгүй бол хүүхдийн хүчирхийлэл буурахгүй

Чуулган: Архидалт, ядуурал, нийгмийн асуудлыг шийдэхгүй бол хүүхдийн хүчирхийлэл буурахгүй

УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхэд хамгааллын талаар мэдээллийг сонсоно. Танилцуулгыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хийлээ. Мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Мэдээлэлд: Монгол Улсын хүн ам 3.5 сая болж өмнөх оноос 1.4 хувиар өсч, нийт хүн амд 18 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 36.2 хувь буюу 1.3 сая хүүхэд байна. 

Монгол Улсад 2022 оны байдлаар 941.5 мянган өрх бүртгэгдэж, өмнөх оныхтой харьцуулахад 2.3 хувиар өсжээ. Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65 мянга 90 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн нь амаржсан эх өмнөх оныхоос 8.5 хувиар, хүүхдийн тоо 8.1 хувиар тус тус буурсан байна.  

Энэ хичээлийн жилд 1413 цэцэрлэгт 266024 хүүхэд, төрийн болон хувийн өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 746405 хүүхэд суралцаж байна. 

Бүтэн өнчин 2911, хагас өнчин 36363, үрчлэгдсэн хүүхэд  1478 байна. 

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна. 

Хүнсний эрхийн бичигт 76063 хүүхэд, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг бүх хүүхдэд олгож байна. 

Өнгөрсөн хугацаанд хууль, эрхзүйн шинэчлэлийн хүрээнд гарсан ахиц дэвшил цөөнгүй байна. Салбар бүр хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр анхаарч ажиллах шинэ хандлага, хамтын ажиллагаа бий болсныг энд дурдах нь зүйтэй. 

Хүүхэд, гэр бүлийн салбарт мөрдөгддөг 50 гаруй дүрэм журам, стандартыг баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Эцэг, эхийн хараа хяналтын анхаарлыг ярих хэрэгтэй. Эцэг эхийн 90 гаруй хувь нь гар утасны өндөр хэрэглээтэй байна. Үүний хэд нь хүүхдийнхээ маршрут, үзэж байгаа контентыг нь хянаж байгаа вэ. Тийм өндөр тоо байхгүй байх. Хүүхдийн хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлд үйлдэгдэж байна. Үүний гол шалтгаан нь архидалт байдаг. Архидалтыг багасгавал гэр бүлийн хүчирхийлэл буурна. Эцэг эхийн зөвлөл янз бүрийн тэмцээн зохиож байхаар хүүхдүүддээ анхаарч ажилламаар байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хүүхдийг зодож гэмтээсэн хүмүүсийн ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Хууль нь байгаад байдаг хэрэгжилт нь сул байна. Хүүхдийн эрхийн байцаагч хүүхдийн эрхийн төлөө шүгэл үлээж байх ёстой. Гэтэл энэ хүмүүсийг төрийн албан хаагч болгочихсон юм уу. Төрийн албан хаагч болсон бол юу гэж төрийн байгууллагынхаа эсрэг шүгэл үлээх юм бэ. Мөн сургууль, цэцэрлэгийн барилгууд газар хөдлөлтөд тэсвэртэй байна уу гэдгийг шалгах ёстой.

Ажлын хэсэг: Хүүхдийн эрхийн тухай хуулийн дагуу хүүхдийн эрхийн улсын байцаагч бий. Улсын хэмжээнд зургаан ахлах байцаагч, 37 хүүхдийн эрхийн байцаагч ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 1990 оноос хойш 14 хүүхэд алга болоод огт олдоогүй юм байна. Насанд хүрээгүй хүүхдийг эрэн хайхад тусгайлсан журам байдаг уу?

ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Мөнхбаяр: Сүүлийн 10 жилийн хугацаанд 10000 гаруй алга болсон хүүхдийг олж ар гэрт нь хүлээлгэж өгсөн. 1996-2022 он хүртэл 16 хүүхэд сураггүй алга болсон. Үүний хоёр хүүхэд нь гэмт хэргийн улмаас алга болсон байж болзошгүй. 14 хүүхэд нь ахуйн ослын улмаас алга болсон. Эрэн хайх ажиллагааг тасралтгүй хийж байна. Бага насны хүүхэд алга болсон дуудлага мэдээлэл ирсэн даруйд эрэн хайх ажиллагааг эхлүүлдэг.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Хүүхэд хамгааллын асуудлын үндсэн шалтгаан ерөөсөө л нийгмийн асуудал байгаа юм. Бид нийгмийн асуудлыг цогцоор нь авч үзэхгүйгээр дан хууль эрх зүйн орчныг өөрчлөөд асуудал шийдэгдэхгүй. Гэр бүл салалт үүнд хамгийн их нөлөөлж байна. Манай улсад сүүлийн гурван жил гэр бүл салалт 3-4 дахин нэмэгдсэн гэж байна. Сүүлийн гурван жилд гэр бүл болсон залуусын 50 орчим хувь нь салж байна. Хоёрт, архидалт. Гэр бүлээрээ архичин болоод байна. Гуравт, хүүхдэдээ тавих анхаарал халамж сул байна. Энэ гурван үндсэн шалтгааны улмаас хүүхэд хамгааллын асуудал гарч ирээд байгаа юм. Гэр бүлийн хуулийг яаралтай оруулж ирж баталмаар байна. Мөн энэ гаж донтонгуудыг яах вэ гэдэг асуудал байна. Үүнд тусгайлсан арга хэмжээ авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлмээр байна.

Нийгмийн асуудал учраас нийгмийн хүрээнд хоёр том асуудлыг шийдмээр байна. Нэгд, өрхийн тэргүүн эрчүүдээ бэлдмээр байна. Гэр бүлээ аваад явчих чадавхтай, сэтгэлийн тэнхээтэй, амьдралын зорилго мөрөөдөлтэй залуучуудыг бэлтгэх хэрэгтэй. Хоёрт, эхчүүдээ бэлтгэх хэрэгтэй. Энэ мэт нийгмийн суурь асуудлуудаа шийдэхгүйгээр хүүхэд хамгааллын асуудлыг шийдэж чадахгүй. Гуравдахь том асуудал нь орлоготой, ажилтай байлгах. Орлогогүй учраас өөр асуудал руу яваад байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна